Сэлэнгэ аймгийн агаарын жилийн дундаж температур 1.4 градусаар дулаарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-26 22:39:36
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор Сэлэнгэ аймгийн агаарын жилийн дундаж температур 1960 оноос хойш 1.4° С-аар дулаарчээ.

Хамгийн бага дулааралт Цагааннуур  суманд 0.5°С, хамгийн их дулааралт Мандал суманд 1.9°С байгаа бөгөөд цаашид 2100 он гэхэд 2.5-5.9 гр хүрч дулаарч болзошгүй байгаа ажээ.
Мөн тус аймгийн хур тунадасны хэмжээ 9.5-28 хувь орчим нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвлийн хур тунадас ахиу, зуны хур тунадас багасахаар байгааг ч гаргасан байна. Энэ нь хуурайшилт эрчимтэй явагдахыг хэлж байгаа юм байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох бодлого хувилбаруудыг хэрэгжүүлбэл уур амьсгалын өөрчлөлтөөс гарах эрсдлийг бууруулна хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны  туршид. хүний шууд ба шууд бус ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл агаар дахь хүлэмжийн хий үүн дотор нүүрсхүчлийн хий, намгийн хий, азотын дутуу ислийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа нь дулаарах үндсэн шалтгаан болдог аж.
Судлаачдын гаргаснаар Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш 2.07°С-аар, дэлхийн агаарын дундаж температур 1880-2012 онд 0.85°С-аар дулаарсан байна. Энэ нь манай оронд дулааралт илүү эрчимтэй явагдаж байгааг харуулж байгаа аж. 
 Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ