Увсад газар өмчлөх, эзэмших иргэдийн өргөдлийг ирэх сарын 15-аас хүлээж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-27 15:16:52
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 110.8 га газар, шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23.22 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр, 32.9 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд аймгийн ГХБХБ газар нь ирэх сарын 15-аас эхлэн шинээр газар өмчлөх, эзэмших хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээж авахаар болсон байна.

Иймээс иргэд наана нь газар зохион байгуулалтын төлөвлөлттэй нарийн танилцаж, тодорхой мэлээлэл авах шаардлагатай байгаа аж.
“Улаангом сумын 1-р багт 65 иргэнд 4.55 га газар, 6-р багт 46 иргэнд 3.22 га газар, 9-р багт 50 иргэнд 3.5 га газар, 12-р багт 134 иргэнд 9.38 га газрыг иргэдэд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх бол хуучин газрын эзэмшилтэй байгаа 339 иргэний 26.6 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн” хэмээн аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн М.Чулуунбат мэдээллээ.
Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газар өмчлөх эзэмшүүлэх асуудлыг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Иргэд мэдээлэлгүйн улмаас төлөвлөлтөнд тусгаагүй газрыг өмчлөхөөр өргөдөл гаргадаг ба шийдвэрлэгдээгүйн улмаас гомдол мэдүүлдэг байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ