Цагдаагийн нэр барьж бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-29 11:38:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсч, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, энэ сарын 26-ны өдөр дайчлан баривчилж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 
Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс 4 удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч үйлдэж байжээ. Тэр шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь хулгайлж, дээрэмддэг байсан нь шалгалтын явцад илрэв. Г нь 2017 оны 7 дугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж. Мөн тус хэлтсийнхэн эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг үйлдсэнийг  бас илрүүлсэн байна. Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа шалгалтын явцад мэдүүлжээ. Эл хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Иймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсч эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд таныг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал Цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ