МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Турк Улсад айлчлал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-29 17:27:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, гишүүн Б.Ундармаа тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-ын Шударга Ёс Хөгжлийн Намын урилгаар Турк Улсад айлчлал хийж байна.

Турк улсын Шударга ёс хөгжлийн нам нь 2001 онд байгуулагдсан. Намын Ерөнхий даргаар одоогийн БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таяип Эрдоган ажилладаг. Нийт 11 сая орчим гишүүнтэй. Олон улсын байгууллагуудын судалгаагаар дэлхий нийтэд улс төрийн намуудын рейтинг буурч байгаа гэсэн тооцоо гарсан байдаг. Харин Туркийн Шударга ёс хөгжлийн намын рейтинг сүүлийн 4 жилийн турш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 2015 оны 10 дугаар сард явагдсан Парламентын сонгуулиар нийт сонгогчдын олонхийн санал авч засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байна.

Турк Монголын хооронд найрамдал харилцаа тогтоосон 50 жилийн ой ирэх онд буюу 2019 онд тохионо. Сүүлийн жилүүдэд Турк Монголын харилцаа, эдийн засаг, улс төрийн харилцаа огцом сэргэсэн гэдэгтэй уулзалтад оролцсон талууд санал нэгтэй хэлж байлаа. Тухайлбал Улсын их хурлын дарга Туркэд айлчлал хийсний дараагаар Туркийн талаас Шадар сайд нь Монголд айлчилсан. Үргэлжлүүлээд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг улс төрийн намын шугамаар айлчлал зохион байгуулж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Ардын Нам, Туркийн Шударга ёс хөгжлийн нам хооронд "Шинэ торгоны зам Улс төрийн яриа хэлэлцээр" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн ирэх Дөрөв дүгээр сарын 5-8-ны хооронд Туркийн Ерөнхий сайд Монгол улсад айлчлал хийхээр болсон нь хамтын найрамдалт харилцаа ихээхэн сэргэж байгаагийн илрэл юм.



Айлчлалын хүрээнд Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга ноён Мэхмэт Эрдоган, Анкара хотын захирагч Мустафа Туна, Анкара хотын Шударга ёс хөгжлийн намын хорооны дарга Мустафа Нэдим Яамали нартай уулзлаа. Мөн  Шударга ёс, хөгжлийн намын дэд дарга, Гадаад харилцааны дарга ноён Мэхмэт Мэхди Экэртэй хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Анкара хотоос эхлүүлсэн айлчлалын эхний өдөр Монгол Туркын Парламентын Группийн уулзалт болсноос гадна хоёр намын төлөөллүүдийн хоорондоо уулзсан юм. Мөн Анкара хотын Засаг дарга МУСТАФА ТУНА төлөөлөгчдийг хүлээн авч уулсан.
Н.Туяа
Холбоотой мэдээ