Хятад иргэний 17 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-30 15:40:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн мягмар гаригт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин сууж буй, БНХАУ-ын иргэний гэрт  хоёр залуу дайран орж,  биед нь халдан 17 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Цагдаа нар сэжигтнүүдийг эрэн сурвалжилсны эцэст Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 48 цагийн дотор шуурхай  илрүүлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээллээ.
Уг гэмт хэргийг нийслэл хотод оршин суух хаягтай 23-29 настай, М, Т, Б нар бүлэглэн зохион байгуулалттай үгсэн тохирч үйлдсэнээ хэргийн урьдчилсан мэдүүлгээр хүлээгээд байна.Тэд дээрэмдэн авсан 17 сая төгрөгийг хувааж авч тус тусдаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хуулийн 17.2 дээрэмдэх хэргээр, 17.2.3.3 т зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх юм. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг нь тодруулахад амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахайн сэдэлт санаа зорилготой байсан нь тогтоогджээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ