УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-05 10:27:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэллээ. Нээлтийн чуулган 10.04 цагт 80.3 хувийн ирцтэйгээр эхэлж, төрийн өндөрлөгүүд болон Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
 
- ОЮУТОЛГОЙ-Г ХЭТЭРХИЙ УЛСТӨРЖҮҮЛЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН АШИГ СОНИРХОЛД
СӨРӨГ ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ-

УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ томоохон төслүүдийг Хаврын чуулганд багтаан хөдөлгөх шаардлагатайг онцлоод, УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа. Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн, үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ. Тиймээс УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна, Засгийн газар саналаа оруулж ир хэмээсэн юм. Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлэхийг уриаллаа.

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах, хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой гээд “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоошуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэв. Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаа, Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тодотгож байв.

Мөн иргэдийнхээ нийгмийн халамжийг дээшлүүлж, хүүхдийн мөнгийг 80 хувьд биш шаардлагатай хэсэгт олгох, цалин нэмэх шаардлагатай бол 10 дугаар сарыг хүлээлгүй олгох, автозамын ачаалал гурав дахин ихэссэн ч нүхэн гарц, давхар зам барих, нийтийн тээврийн зохицуулалтыг оновчтой болгодог дэлхий нийтийн жишгийг дагаж, түгжрэлийг бууруулах шаардлагатайг онцлов. 
Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээнд хатуу хяналт тавьж, архи, согтууруулах ундааг үйлдвэрлэлийг хянаж, хуульчилж тусгах хэрэгтэйг мөн хэлээд, УИХ-ын гишүүдийн ёсзүй, хариуцлагын асуудалд онцгой анхаарч, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагыг чангатгах ажлаа эхлүүлнэ хэмээсэн юм. 


-УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ТОМИЛЖ ЧАДСАН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ
ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газарт хандаж үг хэлсэн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийсэн талаараа онцлоод, иргэдээс бүтээн байгуулалт өрнүүлэх, төрийн албаны хүнд суртлыг багасгах талаар 254 өргөдөл ирсэн гэв. Мөн "Маш олон өрхийн тогтвортой орлого тэтгэвэр, тэтгэмж бага байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэх нь манай орны хүн ам зүйд тохирохгүй байгаа талаар санал шүүмжлэл тавьж байна. Үндэсний тэтгэврийн тогтолцооны асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Нийтлэг үйлчилгээний өөрчлөлтийг жил бүр тогтоож, үүнтэй уялдуулан тэтгэврийн тооцооллыг өөрчлөх хэрэгтэй. Тэгш бус нөхцлөөр тэтгэвэр тогтоож байгааг олон улсын байгууллагаас өгсөн удаа дараагийн зөвлөмжид тусгажээ. Тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар 500 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Урт хугацаанд үндэсний тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх нь баялаг бүтээгчдийн  ирээдүйд чиглэсэн асуудал" хэмээсэн юм.
.
Мөн иргэдтэй хийх уулзалт бүрт сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдөж, хөгжлийн бэрхшэээлтэй иргэд ажлын байр хүсч байхад баялгаас орж байгаа орлого нийтэд хүртээмжгүй байгааг шүүмжлэв. Хэт цөөнхөд баялаг хуримтлагдаж, нийгмийг чирч явдаг дундаж давхрагын жин огт байхгүй байгаа гэлээ. 

Түүнчлэн, оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгаа АТГ-ын дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа учир өөрчилж томилох саналыг ойрны хугацаанд УИХ-д оруулна гэдгээ хэлж байв. Хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно гээд УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээнд зохих асуудлаар хуулийн төсөл санаачлан оруулж, улстөржилгүй иргэд сонгогчдын итгэлийг хүндэтгэн  дэмжээрэй гэж хүсч байна хэмээсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирж байгаа санал гомдлын тодорхой хувийг цаазын ялын асуудал эзэлж, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг их гарч буй учир Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийн дагуу хуулийн төсөл боловсруулж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох тухай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилснаа гишүүдэд хэлэв.

Мөн дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох, олон жижиг мэргэжлийн холбоодыг тендерт хамруулах, үйлдвэрлэгчдийг таван жилээр шалгаруулах, ингэснээр маш олон ажлын байрыг урт хугацаанд бий болно гээд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлбэл иргэдийн 90.8 хувь нь дэмжинэ гэв. 

Түүнчлэн "Иргэдийн хүсэл шаардлага байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол олон нийтийн санаа бодолд тулгуурлах хэрэгтэй. Өөрчлөхийн тулд өөрчлөх биш өөдлөхийн тулд өөрчлөх зарчмыг хатуу барьж ажиллана. Улс төрийн намуудын нэр хүнд алгуур унасаар өнөөдөр нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна. УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь хэм хэмжээнээс хэтэрлээ. Хуралдаа суухгүй бол суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Томилогдсон албан тушаалтнууд үүргээ биелүүлж байна уу, ажлаа хийж байна уу гэдэгт хяналт тавьж, шалгах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн хөрөнгөө үндэслэлтэй тогтоох хэрэгтэй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагч 189 мянган ажлын байр бий болжээ. Багш, эмч нар иргэддээ үйлчлэх ёстойгоос төрийн албан хаагчдад үйлчлэх ёсгүй. Засгийн газар уул уурхайгаас хэт хамраалтай бодлого гаргаж байна. Өнөөдөр экспортод гаргаж буй гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр гаргахад эдийн засаг сайжирна. Байгаа боломждоо тулгуурласан эдийн засгийг бий болгоход одооноос санаа тавих учиртай" хэмээсэн юм. 

Үүгээр УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хаврын чуулганы эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа юм. 

Н.Гантуяа
Холбоотой мэдээ