Ц.Нямдорж: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж буруу яриад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-06 14:49:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд:
  1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө",  45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.", 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус ЗӨРЧӨӨГҮЙ байна.
  2. "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. 
  3. Энэхүү дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай" хэмээжээ. 
Цэцийн дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариулсан юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахдаа зарцуулсан төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэж ҮХЦ дүгнэжээ.  Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд ирээгүй юм биш үү. Яагаад төлбөр төлөхөөр болсон бэ" хэмээхэд Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Монгол банк ч, Хөгжлийн банк ч төрийн өмчит газар. Тэнд байгаа хөрөнгийг ХХБ, түүнийг тойрсон этгээдээр нөхөн суутгуулна. Хуулийн ямар нэг зөрчилгүй. ОХУ-ын Засгийн газраас анх зөвшөөрөл аваагүйгээс өнөөдөр энэ асуудал үүссэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлэх авах үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээлэл тэр үед их гарсан байсан" гэж хариулав. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх шийдвэр гаргасан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл 49 хувийнхан “Эрдэнэт” үйлдвэр дээр байна гэсэн сураг байна. Энэ үнэн үү? Ер нь Төрийн ордныг өнөөдөр дөрвөн банк бүслээд байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж тэргүүтэй, 51 хувийг С.Баяр тэргүүтэй бүлэглэл хууль бусаар авах гээд байгаа. Харин ҮХЦ эрүүл шийдвэр гаргасан байна. ХХБ-ны бүлэглэл Т.Блейрийн эхнэрийн сангаар Засгийн газрыг дарамталж байгаа сураг дуулдаад байна. С.Баяр, Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн эсрэг Монгол төр хатуу зогсох ёстой. Энэ тэмцэлдээ Монгол төр ялах ёстой" гэхэд Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ж.Батзандан гишүүнтэй санал нэг байгаа. Засгийн газрын тогтоол гарсан бол тогтоолоо хэрэгжүүлэх хэрэгтэй. 49 хувь Монголын Засгийн газрын өмч мөн үү гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр шүүх дээр явж байгаа бүх маргаан хаагдсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах ажил явагдаж байгаа. Тохиролцоо, хэлэлцээ хийгээд шийд гарсан бол ажлаа түргэвчлэх хэрэгтэй" гэсэн бол Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Бүлэглэлийн хүмүүс хуулийн хяналтын байгууллагад дэндүү гүнзгий, гүн шигдэн бэхжээд хөгжлийнхээ дээд цэгт хүрсэн байна. Энэ асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжилж байна. Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэж 14 хоног ярьсан, дараа нь хүн дайрлаа гэж гүтгэсэн. УДШ-ийн Захиргааны хэргийн шүүхийн танхимын тэргүүн н.Батсайхан ХХБ-д ажиллаж байсан. ҮХЦ-ийн гаргасан шийдвэр Үндсэн хуультай ижил баримт. Гэтэл маргаан үүсгээд явж байна. Хууль хяналтын байгууллага нь хаагаад бүтэхгүй байна. ҮХЦ-ийн шийдвэр гарсны дараа Захиргааны хэргийн шүүх дахиж хуралдаж байна. Өөдөөс нь сөрсөн болгоныг гутаан доромжилж байна. Ер нь 49 хувийг худалдан авах гэж 2015 оноос хойш эрчимтэй  ажилласан. Санхүүгийн эх үүсвэрийг нь бэлтгэж өгсөн. Энэ ажиллагааг явуулахад туйлын хүндрэлтэй байна гэж УИХ-д мэдэгдэх нь зүйтэй.  Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэдэг бичгээ явуулсан" гэлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, “Эрдэнэт” нэг л үйлдвэр. Хоёр хуваагаад талцаад байна. Нэг үйлдвэрийн асуудлыг 49:51-ээр хуваагдаа боль гэдэг асуудлыг УИХ-ын даргад тавьсан. Энэ үйлдвэрийн асуудлыг шалгах хэрэгтэй. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон эрх мэдэлтнүүдийг шалгах хэрэгтэй. Хэн нь буруутай вэ? Өнөөдөр 49 хувийн асуудлыг яриад байна.  Энэ манай дотоод асуудал. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 51 хувийг яах вэ. Өнгөрсөн 30 гаруй жил “Эрдэнэт”-ийн 51 хувьд бараа шахсан, зоолсон хүмүүсээ яах вэ. Зах зээлийн үнээс 10-20 дахин өндөр үнээр тэрбум тэрбумаар нь бараа шахсан. Аль аль нь өнөөдөр Монгол Улсын өмч. Хувийн өмчийг ад үзээд байх зүйлгүй.  Ардчиллын гол баталгаа бол хувийн өмч. Хувийн өмч рүү дайрдаг үзэгдлийг нийгэмд өөгшүүлж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ асуудалд нухацтай хандах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр  Монголын төрд үлдэх үү, үгүй юу" гэхэд Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "51 хувийн асуудал жичдээ шалгагдаад явж байгаа юм билээ. Танай санал нэг байна. “Жаст”-ын Батхүү гэдэг нөхөр хүний өмнөөс гарын үсэг зурж уу, эсвэл нэр холбогдсон хүмүүс гарын үсэг зурж уу гэдгийг шалгасан тохиолдолд асуудал шийдэгдэнэ. Бид өмч рүү дайраагүй, өмч авсан үйлдэл рүү нь дайрч байгаа юм" гэсэн бол Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "49:51 гэж ялгаж болохгүй гэдэг С.Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Өнөөдөр ҮХЦ-ийн асуудал хэлэлцэгдэж байгаа учир 49 хувь яриад байгаа юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж буруу яриад байна. Баталгаа л гаргасан юм билээ. 2013 онд Ш.Батхүү гэдэг этгээдийг шалгахад АТГ руу шилжүүлсэн юм билээ. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл нь “Эрдэнэт” үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан юм билээ. Ш.Батхүү гэдэг нөхөр үндсэн гэрээг өгөөгүй, хуурамч гэрээ өгсөн юм билээ" хэмээн хариулсан юм. 

Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж хариулт авснаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцаж дууссан юм. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ