Иргэд бүлэг хоршоо болон нэгдэж ажиллавал Хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-10 18:14:21
Дорнод /МОНЦАМЭ/ Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Дорнод аймагт 6 төсөл хөтөлбөрт 1.7 сая төгрөгийн төсөв баталжээ. Дээрх 6 хөтөлбөрт 3800 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Тус аймгийн ХХҮГ-аас мэдээлснээр дээрх 6 хөтөлбөрийн нэг болох бүлгээр хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлээд байгаа юм. Тус хөтөлбөрт 28 сая төгрөг баталж, 56 хүн хамруулахаар тооцсон. Тариалан эрхлэх хүсэлтэй иргэд бүлэг хоршоо болон нэгдэж, аж ахуйн хэлбэрээр ажиллавал Хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжлэг үзүүлэх юм байна. Тухайлбал, ногоо тарих техник хэрэгсэл, тариалах талбай, усалгааны систем, үр үрсэлгээ зэргийг ХХҮГ-аас бүрэн хангаж өгөх юм.
 
Харин залуучуудын гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Залуу малчин” зэрэг хөтөлбөрийн бүртгэл ирэх долоо хоногоос зарлагдана гэж тус газраас мэдээлэв. Энэ жилийн тухайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг  аж ахуй эрхлэлтийн сургалтад зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байгаа юм. Дээрх сургалтын бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ