Нялхсын эндэгдэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-13 19:13:09
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний гурван сард 452 эх амаржиж, 456 хүүхэд төрж, нас баралт 99 гарч, өмнөх оны мөн үеэс амаржсан эх хоёроор, төрсөн хүүхэд наймаар, нас баралт таваар тус тус өссөн байна. Мянган хүнд ноогдох төрөлт 3.6, нас баралт 0.7, цэвэр өсөлт 2.9 байжээ. Нялхсын эндэгдэл эхний гурван сард 10 гарсан нь өмнөх оноос таваар их байна. Харин 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс нэг хүүхдээр буурчээ.
Эхний гурван сарын байдлаар осол гэмтлийн улмаас есөн хүн нас барж, өвчлөгчдийн тоо 181 болсон нь өмнөх оны мөн үеэс өвчлөгчдийн тоо 82-оор буурч, нас баралтын тоо нэгээр өссөн байна. Өмнөх дөрвөн жилийн дунджаас осол гэмтлээр өвчлөгчдийн тоо 18.3 хувиар, осол гэмтлийн нас баралтын тоо 16.3 хувиар буурчээ. Хорт хавдрын өвчлөл 37 гарч өмнөх оны мөн үеэс 14-өөр, нас баралт 37 гарсан нь өмнөх оны мөн үеэс хоёроор өсчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 217 болж өнгөрсөн оны мөн үеэс 16 хүнээр, өмнөх 4 жилийн мөн үеийн дунджаас 25 хүнээр өссөн үзүүлэлттэй байна. Хүн амд зонхилон тохиолдох халдварт өвчнийг хувиар авч үзвэл салхинцэцэг өвчин нийт халдварт өвчний 51.2 хувь, БЗХӨ 40.1 хувь, сүрьеэ 2.8 хувь, цусан суулга 3.7 хувь, гепатит 1.8 хувийг тус тус эзлэж байна.
Амбулаториор 99.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 6 мянган хүн хэвтэн эмчлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс амбулаториор үйлчлүүлсэн хүн 1.1 мянган хүнээр буурч, хэвтэн эмчлүүлэгчид 0.1 мянган хүнээр өссөн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ