Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг телевизээр шууд дамжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-19 09:21:40
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг телевизээр шууд дамжуулахаар тохиролцсон тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар ирэх долоо хоногийн баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа билээ.

Талуудын холбогдох албаны хүмүүс өчигдөр хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд таван цагийн турш хаалттай хэлэлцээ хийсний эцэст удахгүй болох дээд хэмжээний уулзалтыг телевизээр шууд дамжуулахаар тохиролцсон байна.

Хоёр Солонгосын эвлэрлийг дэлхий дахинд харуулах зорилгоор дээд хэмжээний уулзалтыг телевизээр шууд дамжуулах гэж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Мүн, Ким хоёр Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талд харьяалагдах хэсэгт уулзах юм. Умард Солонгосын удирдагч Ким Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт анх удаагаа хөл тавих гэж байгаа нь энэ билээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ