НҮБ-аас Монгол Улсын ундны усны хүртээмж, аюулгүй байдлын судалгааг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-19 13:15:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер маргааш буюу энэ сарын 20-нд Монгол Улсын ундны усны хүртээмж, иргэдийн худалдан авах чадавхийн талаарх судалгаагаа танилцуулна.

Тэрбээр Засгийн газрын урилгаар энэ сарын 09-нөөс Монгол Улсад ажилласан юм. Ноён Лео Хеллер өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, мөн эдгээр хот суурин газруудын ойр орчимд нутаглаж буй иргэдийн аж байдалтай танилцжээ. Мөн хүн амын тодорхой бүлэг буюу эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэж буй усны аюулгүй байдал, хүртээмж, хангамж, мөн ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай нарийвчлан танилцаж, төрөөс хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар зөвлөмж, дүгнэлт боловсруулсан байна.
 
Ноён Лео Хеллер нь НҮБ-ын Хүний эрх ба ундны усны аюлгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгчээр 2014 онд томилогджээ. Тэрээр Бразил дахь Освальдо Круз Сангийн судлаачаар ажилладаг бөгөөд 1990-2014 онуудад Бразилийн Минаш Гераиш мужийн  Холбооны Их Сургуулийн Ариун цэвэр, байгаль орчны инженерийн салбарын профессороор ажиллаж байсан юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ