"Су-24"-ийн нисгэгчийн цогцсыг ОХУ-ын талд шилжүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-30 10:45:16

АНКАРА. /TASS/. Сирийн агаарын орон зайд нисэж явсан ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчин энэ сарын 24-нд устгасан бөгөөд энэ үеэр амиа алдсан Оросын нисгэгчийн цогцсыг Анкара хотод хүргэсэн байна гэж “NTV” телевиз мэдээлэв.

Туркийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоц нисгэгчийн цогцсыг Анкара хотын ойролцоох “Этимесгут” агаарын баазад хүргэжээ. ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов болон Оросын Элчин сайдын яамны дипломатууд агаарын баазад ирж, цогцсыг Оросын талд шилжүүлэх арга хэмжээнд оролцсон байна.

Нисгэгчийн цогцсыг Орост хүргэх өдөр, цагийг дараа тодорхой мэдээлнэ гэж Оросын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Игорь Митяков мэдэгдэв.

Оросын нисгэгчийн цогцсыг Туркийн тал хүлээн авсан бөгөөд түүнийг ОХУ-ын талд шилжүүлэн өгөхөд бэлдэж байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу ням гарагийн өглөө мэдэгджээ.

“Агаарын хил зөрчсөн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцны нисгэгчийн цогцсыг бид хүлээн авлаа. Ням гарагт шилжих шөнө Хатай мужийн "Үнэн алдартны христийн сүм"-ийн санваартнуудын тусламжтайгаар шашны зохих зан үйлийг үйлдсэн” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, ОХУ-ын хүсэлтийн дагуу цогцсыг тус улсад шилжүүлнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ