Орхон бүсийн багш, сурагчид гадаад хэлний мэдлэгээрээ өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-25 15:53:10
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн ЕБС-иудын дунд сумдын ИТХ-ын нэрэмжит гадаад хэлний олимпиадыг жил бүрийн хавар уламжлал болгон явуулж хэвшсээр тав дахь жилтэйгээ золгож байна.
Орхон сумын ЕБС-ийн багш Б.Ганхуягийн анх санаачилсан тус олимпиадын энэ жилийнх Хушаат суманд боллоо.
Орхон бүсийн сумдад Орхон, Орхонтуул, Сайхан, Хушаат, Баруунбүрэн гэсэн баруун таван сумд хамрагддаг бөгөөд жил бүр сумдад ээлжлэн зохион байгуулдаг аж. Олимпиад орос, англи хэлний хичээлээр явагдсан байна. Ингээд орос хэлний хичээлийн 7-р ангийн ангилалд тэргүүн байранд Орхонтуул сумын сурагч н.Сэнгэ-Очир, 8-р ангийн ангилалд Орхон сумын сурагч Э.Энхжин, 9-р ангийн ангилалд Орхон сумын М.Мөнгөншагай нар шалгарсан байна. Орос хэлний багш нарын тэмцээнд Орхонтуул сумын сургуулийн багш н.Оюунчимэг, Орхоны багш Б.Ганхуяг нар аваргалжээ. Харин англи хэлний хичээлийн олимпиадад сурагчдаас 10-р ангийн ангилалд Хөтөлийн сурагч н.Оюумаа, 11-р ангийн ангилалд Хөтөлийн н.Мөнхтунгалаг, 12-р анги Хөтөлийн Ү.Үүрийнцолмон нар тэргүүлсэн байна.
Англи хэлний багш нарын тэмцээнд Хөтөлийн П.Сувдаа тэргүүн байрт шалгарчээ. Энэхүү гадаад хэлний олимпиадыг ирэх 2019 онд зохион байгуулах эрх, шилжин явах цомыг Сайхан суманд шилжүүлэн өгсөн байна. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ