МАН, Фридрих Эбертийн сан хамтран "Намын дотоод ардчилал"-ыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-27 18:49:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Бонн хотын Социал Демократ намтай хамтран "Намын дотоод ардчилал, улс төрийн хүсэл зоригийг бүрдүүлэх нь" сэдэвт семинар зохион байгууллаа.

Сургалт, семинарт МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй газрын дарга нар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаныхан, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга нар болон ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш, ХБНГУ-ын Бонн хотын Социал Демократ намын дарга Габриел Кунцэ нар оролцлоо.

Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл суларсан энэ үед намд дотоод ардчилал бий болгох нам, боловсон хүчнийг чадавхжуулах нь ихээхэн чухал байгааг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх онцлоод сургалт семинарыг зохион байгуулж буй ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сан болон Бонн хотын Социал Демократ намын даргад МАН-ын удирдлагын зүгээс талархал илэрхийлсэн юм.

МАН Фридрих Эбертийн Сантай 25 жилийн турш хамтран ажиллаж буй. Түүнчлэн ХБНГУ-ын Социал Демократ намтай найрсаг хамтын ажиллагаатай байж идэвхтэй хамтран ажилладаг. Хоёр намын хувьд газар зүйн өөр бүсэд оршдог ч тулгарч буй сорилт бэрхшээлийн хувьд адил байж, шинэчлэлийн процесс нэгэн зэрэг явж буй. Тиймээс энэхүү семинар нь асуудлаа хамтдаа ярилцаж, харилцан мэдээлэл санал солилцон үр дүнтэй арга хэмжээ болж байгааг ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш онцоллоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ