АТГ-ын даргад нэр дэвшигчдийн санал хураалт хаагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-02 09:43:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсны дагуу АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс санал авах хугацаа өчигдөр 22.00 цагт хаагдлаа. 

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан энэхүү бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо иргэдийн саналыг харгалзан үзэх болж, дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн санал авч эхэлсэн. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар явуулсан санал хураалт долоо хоногийн хугацаанд үргэлжилж, өнөөдөр 22:00 цагт хаагдав. Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг нэгтгэж эхэлсэн бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлттэй нэг бүрчлэн танилцаж, саналуудыг тоолж дууссаны дараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хүргэх аж. 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ