“Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-06 11:48:46
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн тавдугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо.

Тэмцээнд Есөнбулаг сумын есөн цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачууд оролцож, улаан дохиур, ногоон хантааз, цагаан бээлий, өнгө өнгийн цагдаагийн хувцсаар ижилсэн үеийнхээ найзууд болон ээж аавдаа хандан “Гарцаар гарч сурцгаая”, “Гэрлэн дохиогоо харцгаая”, “Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё”, “Замын цагдаагаа хүндэлье”, “Зам дээр тоглож болохгүй шүү” хэмээн уриалж, авхаалж самбаа, авьяас билгээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр үзэгчдийн сонирхлыг татсан үзүүлбэр бол бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь тустай мэдлэг, мэдээллийг өгч чаддаг жүжигчилсэн тоглолт байлаа. Оролцогчид тус жүжигчилсэн тоглолтоороо авто зам дээр өрнөдөг дүр зургийг жүжигчилсэн байдлаар харуулахаас гадна замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй томчуудын үйлдлийг ч илэрхийлсэн юм.

Тэмцээний тэргүүн байрт Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн Э.Амгаланбаяр ахлагчтай “Шонхорууд” баг, дэд байрт Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэгийн Э.Эрхэс ахлагчтай “Зохицуулагч” баг, гутгаар байрт Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэгийн М.Түвшин-Эрдэнэ ахлагчтай “Сонор” баг шалгарч Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, анхны тусламжийн эмийн сангаар шагнуулав. Харин Уран зохицуулагчаар нэгдүгээр цэцэрлэгийн Д.Буян-Ундрах шалгарч алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлгээр, шилдэг багшаар зургаадугаар цэцэрлэгийн Л.Баярмаа, дөрөвдүгээр цэцэрлэгийн М.Цэнгэлмаа нар шалгарч Өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа.
1982 оноос хойш зохиогдож буй уг тэмцээнд өнгөрсөн жил Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгийн баг тэргүүн байрын эзэд болж байсан юм. Энэ удаагийн тэмцээнийг Есөнбулаг сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Засаг дарга, түүний Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Биеийн тамир спортын газар, “Тэгш-Алтай”, “Хишиг халиун” авто сургуулиуд, “Улам төгөлдөр” ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ