“Сайхан бичигтэн”-үүдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-07 14:37:21
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/, Насан туршийн боловсрол төв, Нийтийн номын сан хамтран “Сайхан бичигтэн” шалгаруулах уралдаан зарлажээ. Тус уралдаан нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд “Сайхан бичигтэн” байгууллага хамт олон, төрийн албан хаагч, анги, иргэн гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулна.

Сайхан бичигтэн байгууллага, хамт олны төрөлд 20 байгууллага оролцож байгаа бол ангийн төрөлд зөвхөн наймдугаар ангийнхан оролцох боломжтой. Харин иргэн гэсэн төрөлд гэртээ хүүхдээ асарч суудаг эцэг эхчүүд болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг түлхүү хамруулахыг зорьжээ.

“Уралдаанд байгууллагууд, иргэд маш идэвхтэй оролцож байна. Бид өнөөдрөөс байгууллагуудаараа явж бичвэрүүдээ хурааж эхлээд байна. Нэг байгууллага дээр очиход бичээгүй үлдсэн хүн бараг байхгүй байна. Монгол бичиг маань төрийн бичиг болохтой холбоотойгоор манай газрын зүгээс албан байгууллагуудын захиалгаар сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол хийдэг. Энэ ажлын маань үр дүн энд харагдаж байгаа юм. Нөгөө талаар бид цаашид юун дээр анхаарах шаардлагатайг мөн харуулж байна.” гэж БСУГ-ын мэргэжилтэн П.Амарзаяа хэллээ.

Мөн дээрх газруудаас жил бүр зохион явуулдаг Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг гуравдугаар уралдаан ирэх 11-ний өдөр болох аж.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ