Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-07 16:22:20
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Түүнийг энэ өглөө Маршал Ю.Цэдэнбалын талбайд аймгийн удирдлагууд Цэргийн хүрээний хүндэт харуулын хамтаар угтаж авсан юм. Дараагаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд орж аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзаж, аймгийн нийгэм эдийн засгийн байдалтай товч танилцан, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Улмаар “Ойрад” хөгжимт драмын театрт Увс аймгийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч санал хүсэлтийг сонссон юм. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Өнөө маргаашгүй сонгууль болох гэж байгаа биш. Иймээс ард иргэдэд маань тулгамдаж байгаа асуудал юу байна түүнийг сонсох, иргэд юу хүсч байгааг мэдэх, түүнийг нь УИХ-д сонгосон хүмүүс, Засгийн газартаа дуулгах зорилгоор миний бие аймгуудаар явж байна” гэлээ. Тэрбээр цааш нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөхөөр ярьж байгаа. Мөн тэтгэврийн насыг эргэж харахаар болсон. Тэрчлэн стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудаас ард иргэддээ баялгийн тэгш хуваарилалт хийхээр ярьж байна. Үүнд та бүхний дуу хоолой чухал учраас иргэдийн уулзалт, Ерөнхийлөгчийн уулзалтыг хамтатган хийж байгаа юм шүү” гэсэн юм.
Уулзалтын үеэр иргэд цалин тэтгэврийн асуудал, хүүхдийн мөнгө, банкны зээлийн хүү, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн байгууллагуудын завхарал, эмч эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал, хөдөлмөрийн хүний үнэлэмж алдагдсан зэрэг асуудлыг хөндөж ярилаа. Тэрчлэн офшорчдын мөнгийг оруулж ирж цалин, тэтгэврийн зээл төлөх асуудал яасан вэ?, хариуцлагагүй ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах боломж байна уу? гэсэн асуултыг Төрийн тэргүүнээс асууж байв.
Тухайлбал, Улаангом сумын өндөр настан М.Батсүх: “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс худлаа их ярьсан. Та тэдний араас битгий ороорой. Мөн УИХ-ын гишүүд сонгогдсоныхоо маргаашнаас эхлээд сонгогчдоо мартаж байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа гишүүдийг эргүүлэн татах боломж байхгүй юмуу” гэж байв.
Тэрчлэн, СГЗ сэтгүүлч, зохиолч Б.Норов: “Монгол Улсын их хурлыг хоёр танхимтай болгох ёстой. Яагаад гэвэл өнөөдрийн УИХ ямар ч хяналтгүй болж ард түмнээсээ тасарсан. Их хуралд суусан, тэгээд ард түмэн мартагдсан, бүр эх орон ч мартагдсан гэж хэлж болохоор байна. Өнөөдөр Монголын ард түмэн юу хүсч байна вэ гэхээр мөнгө төгрөг төр засгаас гуйхаас илүү шударга ёсыг эрхэмлэхийг хүсч байна” гэлээ. Энэчлэн Увчсууд Төрийн тэргүүнээсээ олон зүйлийг асууж сонирхож, санал бодлоо илэрхийлж байлаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ