Баяндэлгэр сум нарийн оношилгооны аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-07 16:26:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга асан З.Энхтөрийн хүсэлтээр “Жаргалсайхан-Ирээдүй” сан Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-д 120 сая төгрөгийн өртөг бүхий Samsung medison UGEO V10 маркийн иж бүрэн оношлогооны 4D ЭХО аппарат хандивлан, эмнэлгийн хамт олонд гардуулж өглөө. Ингэснээр тус сумын иргэд өөрийн сумандаа таваас зургаан төрлийн нарийн оношлогоог хийлгэх боломжтой болжээ.

“Манай ЭМТ энгийн зөөврийн эхо аппарат ашигладаг байсан. Харин цаашид хамгийн сүүлийн үеийн, олон үйлдэлт аппаратыг ашиглахаар боллоо. Үнэхээр баяртай байна. Ингэснээр бид олон асуудлыг орон нутагтаа шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл эмнэлгийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь чанартай үзүүлэх боломжтой боллоо. Оношлогоо зөв, сайн хийгдсэнээр дараа дараагийн эмчилгээ үр дүнтэй болно. Бид өмнө нь зөвхөн  хэвлийг эхогоор хардаг байсан бол одоо нярайн зулай, бамбай, хөхний цаашлаад ургийн гажиг, судасны эхо оношилгоо хийх боломж бүрдлээ. Энэ бол манай сумын нийт иргэдэд хамааралтай маш том хөрөнгө оруулалт. Манай сумын хувьд сүүлийн жилүүдэд элэгний өчлөл, элэгний В С вирустэй хүмүүс маш их оношлогдож байна. Энэ маань элэгний хавдар үүсэх эхлэл болдог учир үүнийг эрт үед нь илрүүлэх нь чухал. Үүнд нэн шаардлагатай зүйл бол яалт ч үгүй энэхүү оношлогооны аппарат юм. Энэ аппарат дээр ажиллах эмч ч бэлтгэгдээд ирсэн байгаа” хэмээн Баяндэлгэр сумын ЭМТ-ийн эрхлэгч Ц.Жигмэдсүрэн хэллээ.

Энэхүү аппарат нь аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд цөөхөн байдаг юм байна. Сумын ЭМТ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эхоны аппараттай болсноор тус сумын ард иргэд орон нутагтаа оношлуулж, өөрөөр хэлбэл өөр газарлуу явж илүү зардал гаргах шаардлагагүй болжээ.

Баяндэлгэр сум бол Сүхбаатар аймгийн томоохон сумдын нэг юм. Зургаан багийн 5000 иргэнд сумын ЭМТ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ