Сарлагчдын зөвлөлгөөнийг таван жил тутамд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-09 18:55:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сарлагчдын зөвлөлгөөнийг энэ жилээс эхлэн таван жилд нэг удаа зохион байгуулахаар боллоо. Энэ шийдвэрийг өнөөдөр Даланзадгад суманд болсон сарлагчдын зөвлөлгөөнөөс шийдлээ.
Зөвлөлгөөнд сарлаг үхэртэй 9 сумын засаг дарга  хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон сарлаг үхрийг өсгөн үржүүлдэг малчид оролцлоо. Тус аймгийн Засаг даргын ивээл дор Хүнс, хөдөө аж ахуйн газар, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна. Анх 2003 онд Баяндалай суманд сарлаг үржүүлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж байсан бол хоёр дахь удаагаа Даланзадгад хотноо зохион байгуулж буй нь энэ юм. Тус зөвлөлгөөнийг сарлаг үржүүлэгчдэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, сарлаг үхрийн ашиг шим, чанарыг сайжруулж, аж ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярилцах зорилгоор зохион байгуулжээ.  Сарлагийн хөөвөр бэлтгэлийг сайжруулах, үнэмлэмжийг нэмэгдүүлэх, сарлагын сүрэгт зонхилох өвчлөл, урьдчилан сэргийлэлт, эмнэлзүй болон сарлагийн баяр арга хэмжээг аялал жуучлалтай хослуулан хөгжүүлэх, сарлаг үржүүлэгч малчин иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцсон байна. Мөн сарлаг үржүүлэгчдийн хувьд бэлчээрийн асуудал, хээрийн зэрлэг амьтад буюу чоно, ирвэс зэрэг амьтад асуудал болж байгаа аж.

Зөвлөлгөөнөөр 17 заалт бүхий зөвлөмжийг баталлаа. Уг зөвлөмжид сарлаг үржүүлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, сарлаг үржүүлэгчдийн залгамж халаа залуу малчдыг дэмжих, сарлагын ашиг шимийг нэмэгдүүлэх, бусад аймгуудаас өндөр чанартай хээлтэгч хээлтүүлэгч сарлаг нийлүүлэх, тугалласан сарлаг үхрийг саалинд, сарлаг үхрийг уналга эдэлгээнд сургах мөн Өмнөговьдоо сарлаг үржүүлэгчдийн ТББ –ыг байгуулах зэрэг заалтуудыг оруулжээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1000 гаруй толгой сарлаг тоолуулснаас Баяндалай сум хамгийн олон буюу 453 сарлаг тоолуулсан байна.  Үүнийг 2016 онтой харьцуулахад 175 толгой сарлаг буюу 17 хувиар өсчээ. Манай аймгийнхан сарлаг үхрээ гурван сайхан уулаа түшиглэн өсгөн үржүүлж байна. 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ