Хэрлэн голоо тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-14 10:11:50
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодчууд энэ сарын 13-ны өдөр Билгийн тооллын хаврын адаг сарын 28-ны лусын буулттай өдрийн морин цагт буюу Аргын тооллын 5-р сарын 13-ны  өдрийн 11:40 цагт Хэрлэн голоо тахив. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул усаа тахин шүтэх, лус савдгаа аргадах заншил бүхий тайх ёслол Баянтүмэн сумын нутаг Бөгтөр харын рашаан хэмээх газар боллоо.
Тахилгын ёслолд иргэд,  олон нийтийг хамруулах  зорилгоор нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилсэн байна.
Тахилгын үеэр аймгийн Бурхан шашны төв Данригданжаалин хийдийн лам, хуврагууд “Юлтий”, Хэрлэн голын сан, газар лусын сан зэрэг ном хурж, аймгийн “Үл бүдгэрэх өв” төслийн хүрээнд Хэрлэнгийн баръяа чуулга “Хэрлэнгийн баръяа” дуу, Хэрлэн голын магтаал өргөж, гол ус, лус савдгаа тахин, баясгасан бөгөөд тэнгэр хангай хур бороо хайрласан сайхан арга хэмжээ боллоо хэмээн иргэд, олон нийтийн зүгээс талархалтай хандаж байлаа.
Тус аймгийн ИТХ-аар уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн тахилгатай уулаар Булган сумын нутаг дахь Хан-Уул, Баян-Эрхэт уул /Туг уул/, Халхгол сумын нутаг дахь Богд цагаан уул /Вангийн цагаан уул/, Баяндун сумын нутаг дахь Угтам уул, аймгийн тахилгатай голоор Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Галын голыг тодруулж, голуудын тахилгыг жил дараалан хийж байхаар тогтсон байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ