"Мандал Голомт" компанийг хэрэглэгчдэдээ төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхийг үүрэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-16 16:21:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өнгөрсөн өвөл Говь-Алтай аймгийг дулаанаар хангагч “Мандал Голомт” компаний хоёрдугаар зууханд гэмтэл гарсан учраас тус бүсийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд гэрээнд зааснаар дулаанаа авч чадалгүй өвлийг сарыг дуусгасан. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2017-2018 оны өвөл "Мандал Голомт" компаний  нэгдсэн халаалтын хоёрдугаар зууханд хамааралтай албан газар, аж ахуй нэгж, айл өрхүүдийн халаалтгүй байсан хугацааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд уламжилсны дагуу уг хорооноос  хөнгөлөлт үзүүлэхийг үүрэг болгожээ. 
Тус албан бичигтээ “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 10 дугаар бүлгийн 60 дахь заалтыг үндэслэн гэрээнд заасан темперамтурын графикаас халаалт доголдож байх үеийн температурт харьцуулсан бууралтын хувь хэмжээ, бусад холбогдох хүчин зүйлсийн нөлөөлөл зэргийг тооцон дулааны төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээг хэрэглэгчидтэй харилцан тохиролцохыг дурдсан байна. 
Төлбөрийн хөнгөлөлтийг энэ сарын 30-ны өдөр гэхэд шийдвэрлэн, 34 албан байгууллага, 980 айл өрхийн хэрэглэгчдийг хохиролгүй болгохыг “Мандал Голомт” компанид албан даалгавар өгчээ.
Тус компани нь 2007 онд Говь-Алтай аймгийн төвийг дулаанаар ханган эхэлсэн ба одоогоор Алтай хотын 90 гаруй хувийг дангаараа хариуцдаг байна. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ