“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” аяны хүрээнд 7000 гаруй суулгац тарьжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-18 17:32:38
Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” аяны 2018 оны хаврын арга хэмжээ Говь-Алтай аймагт тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд "Байгалиа хамгаалъя" аяны хүрээнд өрнөж, нийт 7000 гаруй улиас, хайлаас, шар хуайсны суулгац тарьжээ. 
Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хэмжээнд 4700 гаруй суулгацыг Жаргалант толгойгоос-Баарангийн даваа хүртэлх нийт 5 км зайд тарьж хот тохижилтод өнгө нэмсэн байна. Тус арга хэмжээнд Алтай хотод үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын 1000 гаруй ажилтан, алба хаагчид оролцсон юм. 
Тарьц, суулгацыг тус аймгийн Сум дундын ойн ангийн харьяа Бигэр сумын Өөшийн гол, Дэлгэр сумын Гуулин тосгон дахь мод үржүүлгийн газруудаас нийлүүлэн ажилласан байна. 
“Мод тарих үндэсний аян өрнөж эхэлсэнээс хойших найман жилийн хугацаанд Говь-Алтай аймаг, сум, тосгон, баг тус бүр 250000 гаруй ширхэг мод, сөөг тарьсан. Аймгийн хэмжээнд ургаж байгаа модны амьдралтын байдал 75 хувийн ургалттай байгаа” хэмээн тус аймгийн Сум дундын ойн ангиас мэдээлэв. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ