Аймгийн төв номын санд 80 сандал, 40 ширээ хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-19 01:07:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Сар бүрийн 17-ны өдөр манай аймгийн уншигчдын хувьд чухал өдөр. Энэ өдөр Дарханчууд уншсан номоо солилцох, номын хандив өргөх үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Сүүлийн үед залуус ном унших нь нэмэгдэж байгаа энэ үед ном унших тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  номын сангийн ажилтан албан хаагчид баярт үйл явдал тохиолоо.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” / ДСЦТС / ХК-ийн хамт олон Төв номын сангийн уншлагын танхимд 12 сая төгрөгийн өртөг бүхий 40 ширхэг ширээ, 80 ширхэг сандал хандивлаж ирээдүйн уншигчдад хөрөнгө оруулалт хийлээ. “ДСЦТС” ХК 1989 оноос хойш шинэчлэгдээгүй байсан аймгийн Төв номын сангийн уншлагын танхимын ширээ сандлыг шинэчилж номын хандивын өдрөөр ширээ сандлыг хүлээлгэн өгч угсрахын дээр 300 гаруй номын хамт гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд төв номын сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Гүнчин, захирал Д.Цэрэндаваа, аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, ДСЦТС ХК-ийн дарга Н.Нэргүй, дэд захирал Б.Батжаргал болон ажилчид оролцлоо.
Ном хандивлах өдөр оролцсон аймгийн удирдлагуудын зүгээс 2019 оны төсөвт Төв номын сангийн байрны асуудлыг тусгуулах чиглэлээр таатай мэдээ дуулгалаа.

Номтой нөхөрлөх өдрийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны нээлтийн үеэр Төв номын сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Гүнчин,хэлсэн үгэндээ, Боловсролын салбарыг дэмжин оюунлаг хөрөнгө оруулалт хийсэн ДСЦТС ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ. 

“ДСЦТС” ХК "Уншсан номоо хандивлая" 1 сарын аяныг  байгуулгынхаа ажилтнуудын дунд өрнүүлж 320 гаруй номыг энэ өдөр номын санд хандивлалаа.

Өмнө нь 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан аймгийн Төв номын сан одоогоор 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнтэй цомхон ажиллаж байгаа ч өмнөх ачааллаараа ажиллаж хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн ном унших нь нэмэгдэж байгаа таатай мэдээллийг дуулгасан.

Дашрамд сонирхуулахад хөрөнгө оруулалт хийсэн ДСЦТС ХК-ийн нийт ажилчдад үнэ төлбөргүйгээр ном унших карт нээлгэх эрхийг төв номын сангийн захирал  Д.Цэрэндаваа мэдэгдсэн. Тус байгууллагын  Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон аймгуудын салбарын нийт ажилчид 470 орчим байдаг ажээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ