"Эрүүл Алтай -2018" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-22 17:24:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй "Эрүүл Алтай-2018" хөтөлбөрийг тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. 
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос Дотор, Мэдрэл сэтгэц, Дүрс оношлогоо, ЭХО-ны нарийн мэргэжлийн эмч нар тус аймгийн сумдын иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж байна. Мөн эрүүл амьдрах дадал хэвшүүлэх ухуулга сурталчилгаа, эмийн зохистой хэрэглээ, архины хор уршиг, архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хөдөөгийн иргэдэд хүргэж буйгаараа онцлогтой ажээ. 
Тус зөвлөлөөс энэ онд  "Эрүүл Алтай", "Эрүүл архигүй Алтай", "Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 
Харин өнгөрсөн онуудад Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймаг дахь нутгийн зөвлөлөөс олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчээр хийж гүйцэтгэжээ. Тухайлбал:  төрөлх нутагтаа амьдарч буй бүтэн өнчин 57 хүүхэд тус бүрт хадгаламж нээж өгсөн ба нийд 27 000 000 сая төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Мөн "Эрүүл ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд Чандмань, Цээл, Төгрөг, Дарив, Жаргалан, Шарга сумдад Нутгийн зөвлөл дангаараа, Тайшир, Халиун сумд “Дэлхийн зөн” ОУБ, Мобиком корпорацитай хамтран сумдын сургуульд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг иж бүрнээр шийдэж өгсөн ба "Их Алтайгаас ирээдүйн одод" аяныхаа хүрээнд “Талбайн теннис”-ний талбайг байгуулсан нь хүүхэд багачуудын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт болж чаджээ. 
Түүнчлэн "Ногоон-Алтайдаа сайхан амьдарцгаая" хөтөлбөрийг хоёрдахь жилдээ хэрэгжүүлэн аймгийн төвд 6000 мод нэмж тарьж, нийт сум сургуулийн номын санд шинэ номын багц илгээж, Спорт цогцолборын таазыг царгилт бууруулах даавуугаар битүүлсэн зэрэг нийт 20 гаруй ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ