Их сургуулиуд болон судлаачид 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг гардав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-12-02 15:22:34

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд судлаачдад болон их сургуулиудад "Судалгааны тэтгэлэг", "Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг"-ийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.

БСШУЯ 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Тус төслийн хүрээнд анх удаа өнгөрсөн есдүгээр сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлгийг тус тус зарлажээ. Тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум 797 сая төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авч байна. 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр зохих шаардлага хангаж шалгарсан их, дээд сургуулийн байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр нийт 78 төсөлд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардуулж, “Тэтгэлэгт хамарсан сургууль, багш, судлаач, эрдэмтнийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь чухал” хэмээн онцлов.

Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн аж. Сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл шалгарчээ. Байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч 1 тэрбум 661 сая 880 мянга 300 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авлаа.

Эдгээр төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ