Дорнодоос Өвөр байгалийн хязгаарт тэтгэлэгтэй суралцах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-06 12:32:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн мэргэжлийн боловсролын сургуульд Дорнод аймгаас оюутан элсүүлж, тэтгэлэгтэй сургахаар болжээ. Суралцах хүсэл сонирхолтой залуус юун түрүүнд орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай юм.
Ингэхдээ оюутнууд тэтгэлгээр Өвөр байгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад малын эмч, талх, нарийн боов, гоймонгийн технологич, кино урлаг судлал, мөн М.И.Агошковийн нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын Уул уурхайн коллежид Ашигт малтмалын баяжуулалт, Соёлын сургуульд хөгжим бүжгийн ангиудаас сонголт хийх боломжтой. Чита хотод тэтгэлгээр Багшийн коллежийн СӨБ, Биеийн тамирын багшийн ангид болон Бизнес технологийн салбар техникумд барилга байгууламж, ашиглалт мэргэжлээр оюутан суралцуулах аж.
Харин ямар нэгэн тэтгэлэг авахгүйгээр Өвөрбайгалийн хязгаарын Уул уурхайн коллежид Маркшейдирийн анги, Агын багшийн коллежийн СӨБ, бага ангийн боловсрол, хөгжмийн боловсрол, биеийн тамирын боловсрол олгох ангид оюутан сургах саналыг ирүүлжээ.
Сонирхож буй хүүхэд залуусыг наймдугаар сарын 22-ныг хүртэл Дорнод аймгийн БСУГ-т бүртгэнэ гэж мэдээлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ