Орхон аймагт “Ахмадын ордон” нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 11:06:49

Орхон аймагт баригдсан “Ахмадын ордон”-ны нээлтэд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Уг ордны барилгын шавийг өнгөрсөн оны есдүгээр сард тавьж байсан юм.

Нийт 750 сая төгрөгөөр боссон эл барилга хоёр давхар бөгөөд 16 өрөөтэй ажээ. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “ATT-CHR” ХХК гүйцэтгэсэн байна. Эл ордон нь “Ахмадын сувилал”-ын барилгын дэргэд байрлаж байгаагаараа онцлог юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хоёр жилийн өмнө зургаан аймагт “Ахмадын ордон” байгуулах шийдвэр гаргасан. Үүний нэг нь Орхон аймаг юм. Тус аймаг 8000 гаруй ахмадтай. Тэгвэл эдгээр ахмад ордондоо байрлах “Зөвлөх үйлчилгээ”, “Боловсролын танхим” –аар байнга үйлчлүүлэх боломж бүрдлээ. Ордны дотор тохижилтыг орон нутаг хариуцана. Харин үйл ажиллагаа нь “Ахмадын өдөр”  буюу ирэх сарын нэгэнд эхэлнэ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд