Ц.Буяннэмэх:Малын түүхий эдийн үнэлэмж өсвөл малчид уур амьсгалын эрсдэлд бэлтгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-12 09:42:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр, НҮБ-ын ХХАА-н байгууллага, ХХААХЯ-наас зохион байгуулж “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” олон улсын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж өнөөдөр дэлхийн цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийн ашиглалт, хүнсний хангамж, амьжиргаа ба эдийн засгийн өсөлт, тогтвортой МАА-д хөрөнгө оруулах нь зэрэг тулгамдсан сэдвээр салбар хуралдаан болж байна.
Өчигдөр үдээс хойшхи хуралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын малчин Ц.Буяннэмэх илтгэл тавьж 2014 оноос эхлэн малчдын “Амна-Ус” бүлэг байгуулан сумын удирдлагатайгаа бэлчээр ашиглалтын талаар 15 жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа туршлагаа гадна, дотны төлөөлөгчдөд хуваалцсан юм.
Тэрээр, бэлчээрээ 30 гаруй айл саахалтынхантай ашиглаж нутгаа сэлгэн жилдээ 8 удаа, цаг хүнд, газрын гарц муу үед 12, түүнээс ч дээш нүүдэллэж нутагладаг, манай аймагт Ламын гэгээний улаан тэмээ, Шинэ жинстийн цагаан ямаа гээд бэлчээр нутагтаа зохицсон, хатуужил тэсвэр сайтай, өндөр чанарын ноос, ноолууртай нутгийн үүлдрүүд байдаг. Бид мал маллахын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хамгаалж харьцах, бэлчээрийг хэрхэн зүй зохистой ашиглах талаар  ахмадуудын үгийг их сонсддог. Нутгийн дархан цаазат Их Богд хайрханд зэрлэг ан амьтан, ховор эмийн ургамал их учир аль болох зэрлэг байгалийн амьдрах орчинг хөндөхгүйгээр мал ахуйгаа авч явж, харилцан зохицон амьдрахыг илүүд үздэг гэж байв.
Эдний “Амна-Ус” бүлэг эхний ээлжинд сумын захиргаанаас судалж тогтоож өгсний дагуу хүчтэй доройтлын шинж тэмдэг илэрч байгаа бэлчээр нутгаа урт хугацаагаар малын хөлөөс чөлөөлж амраах арга хэмжээг 3 жилийн өмнөөс авч хэрэгжүүлжээ. Бэлчээр ашиглалтын гэрээгээр малчин бэлчээр, усаа ашиглахаас гадна хамгаалах үүргийг хүлээдэг байна. Энэ талаар тэрээр, манай бүлгийн малчид намайг ахлагчаар сонгосон анхны хурал дээр би тэдэнд “Та нар талхлагдсан, мал идэх  өвсгүй хоосон бэлчээрийг 1000 малтай үр хүүхэддээ өгөх үү, соргог  сайхан бэлчээртэй 100 мал  өгөх үү гэдгээ сайн бодоорой. Мал бол амархан өснө, харин талхлагдсан бэлчээр олон зуун жилийн дараа төлжих үү үгүй юу гэдгийг сайн бодоорой” гэж хэлж байсан. Бэлчээр нутаг гэдэг чинь зөвхөн мал л хооллож ундлах биш, байгалийн үнэт баялаг, зэрлэг ан амьтан хүн зон бүгдэд хамаатай. Би нутгийнхаа малчдыг байгальтайгаа уусан харьцах харьцаагаа  дээшлүүлж бэлчээрээ сэлгэж, малын тоогоо бэлчээрийн даацтай тохируулахыг байнга уриалдаг. Саяхан манай аймгийн ИТХ бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журам батлаж, бүх сум, багаар хэлцүүлж эхэлсэнд би хувьдаа их талархан дэмжиж байгаа. Журамтай болчихвол малчид нэгдэн уламжлалт бэлчээрийн нутгийнхаа хил заагийг албан ёсоор батлуулж сумын Засаг даргатай гэрээ байгуулан хил заагийн доторхи бэлчээрээ зөв зохистой ашиглах, бэлчээрийн даацаас хэтэрсэн малдаа хураамж төлж, баг дээрээ бэлчээрийн эрсдлийн сандаа хуримтлуулж бэлчээр, усаа сайжруулахад хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа хэрэгжиж эхлэх юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө манай нутагт ч мэдэгдэж эхэллээ. Бороо хур орох хугацаа өөрчлөгдөж байна. Өвөлдөө огцом хүйтэрч, зундаа хэт халах нь ажиглагдаж байна. Энэ бүхэнд малчин бид дасан зохицохыг хичээж байна. Угийн байгалиас хараат, тэнгэрийн аясыг харж амьдардаг нүүдлийн МАА дасан зохицох талдаа давуу ч бидний хүч чадлаас давсан хүчин зүйлүүд их байна. Их хөдөлмөр шингээж үйлдвэрлэж байгаа цэвэр байгалийн бэлчээр дагасан малын түүхий эдийн үнэлэмжийг өсгөвөл малчид хангалттай орлого олж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд бэлтгэх эдийн засгийн боломжтой болно.
Эцэст нь хэлэхэд, хүүхдүүд минь энэ нутагт гэр бүл болж үр хүүхдээ өсгөн миний удмыг үргэлжлүүлнэ. Тэд нар минь айх аюулгүй сайхан амьдраасай гэж би хүсч байна. Би тэднийхээ  ирээдүйг хариуцлагатайгаар бүтээх ёстой. Эцэг өвгөдийнхөө бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн нутгаа үр хүүхэддээ тэр чигээр хүлээлгэж өгнө. Энэ бол Монгол малчин бүрийн хүсэл зорилго байх ёстой. Баян тансаг шим тэжээлтэй бэлчээрт бэлчээрлэсэн малаасаа дэлхийн хаана ч байхгүй өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж Монголоо нүүдэлчин соёл иргэншлээ дэлхийд бид таниулж чадна. Дэлхий бидний гэр, дэлхийн хүмүүс бидний гэр бүл. Монголын орны минь бэлчээр нутаг, байгаль дэлхий амгалан байж, мал сүрэг маань эрүүл энх байвал Монгол малчин бидний дэлхийн тогтвортой хөгжил, энхтайванд оруулах хувь нэмэр тэр юм хэмээн онцолсон юм.
Б.Болд
 
 
Холбоотой мэдээ