Гэр бүлийн маргаан, ажилгүйдэл, архидалтаас болж гэмт хэрэг үйлдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-13 14:23:33
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны эхний таван сарын байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Хэнтий аймгийн хэмжээнд үйлдэгдсэн нийт хэргийн 30 орчим хувийг эзэлж байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон гол шалтгаан нь хөдөлмөрийн насны залуусын ажилгүйдэл, ахуйн хүрээнд архидан согтуурах явдал ихэссэн, гэр бүл хардалт, хэрүүл маргаан, зарим иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаад оршиж байна.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасаг энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй 85 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 19 гомдол мэдээлэл буюу 22.0 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, дөрвөн гомдол мэдээлэл буюу 5.0 хувийг харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Мөн 50 гомдол мэдээлэл буюу 59.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол мэдээлэл буюу 14.0 хувьд нь мөрдөн байцаалтын хэрэг нээн шийдвэрлэжээ.

Шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон харъяаллын дагуу шилжиж ирсэн хэрэг бүртгэлтийн 88 хэрэг шалгаснаас гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 16 хэргийг хааж, хоёр хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 51 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 

Эрүүгийн хэрэг үүсгэсэн нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 59 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлж, есөн хэргийг хуулийн хугацаанд нь шалгаж байгаа аж.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүнийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан зэрэг гэмт хэргүүд хамаардаг байна.
Д.Одонтунгалаг


Холбоотой мэдээ