Ноён хутагтын ойд зориулж “Их урлагийн сүмд Саранхөхөө донгодно” судалгааны бүтээл туурвижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-13 15:31:42
Дорноговь /МОНЦАМЭ/.Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг угтаж ноён хутагтын нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Пүрэвдорж “Их урлагийн сүмд Саранхөхөө донгодоно” судалгааны бүтээл туурвижээ.
Мөн өөрийн амьдрал уран бүтээлийг харуулсан “Араншин буюу морь буусан шагай” номоо уншигчдын хүртээл болголоо. Энэ номдоо тэрбээр  бага нас, оюутан  цаг, амьдрал, уран бүтээлээ  он цагийн дарааллаар харуулсан аж.
Хос номын нээлт зургадугаар сарын 13-нд “Саранхөө” театрт боллоо. Найруулагч Ч.Пүрэвдорж “Равжаа хутагт өөрийн бүтээл Саран хөхөөний жүжгийг хэрхэн найруулж байсан, мөн Равжаа хутагтын мэндэлсний 190 жилийн ойгоор найруулагч н.Санчигдан “Саранхөхөө” театрт уул  бүтээлийг ямар хэлбэрээр найруулж байсан хийгээд Улсын эрдмийн театрт МУУГЗ, найруулагч Б.Мөнхдорж ямар дэгээр найруулсныг харьцуулсан судалгаагаар үзүүлсэн байна.
"Одоогоор “Саранхөхөө” жүжгийн найруулгыг харьцуулж судалж эрдмийн ажлын хэмжээнд туурвисан бүтээл алга. Ноён хутагт  бүтээлээ тоглохдоо хөхөө дээр суусан бурхан шүтээнийг амилуулж, шинийн найман, 15-ны зэрэг билэг дэмбэрэлтэй өдөр олон хүн цугласан үед номыг нь уншиж,  жүжгээ тоглодог байжээ. Бүр нэг сараар хүртэл тоглодог байсан. Нэг зүйлийг дурдахад найруулагч н.Санчигдан зүйрлэлийн арга буюу жүжигчид хоорондоо харьцдаггүй  жүжигчнээс шууд үзэгчид рүү өгүүлдэг хэлбэрээр тавьж байсан бол Б.Мөнхдорж багш хуучин уламжлалд суурилж одооны цаг үетэйгээ хослуулан найруулсан байдаг” хэмээн өгүүлсэн байна. Зүйрлэлийн арга нь үзэгчдэд шууд хүрдэг учраас хүмүүс маш их сонсдог аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ