Дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-15 16:35:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй 25 дахь удаагийн засмал замын уралдааны дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт болж байна. Энэ нь аймгийн Биеийн, тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн хүрээнд зохиогдож буй явагдаж буй томоохон ажлын нэг бөгөөд тэмцээнд 14 байгууллагын 130 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхүүд, Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Сүхбаатар аймгийн дугуйн холбооны тэргүүн Д.Баасандорж, аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд, ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг, БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох нар оролцсон юм.

“Бид УАШ тэмцээнийг анх удаа нутагтаа зохион байгуулж байна. Сүхбаатар аймаг энэхүү тэмцээнийг хүлээн авдаг нь тохиолдлын чанартай зүйл биш юм. Сүхбаатар аймаг бол дугуйн спортын түүхэнд дэлхийн аварга төрүүлсэн анхны бас цорын ганц аймаг. 2016 оны залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр гэдэг залуу Асгат сумын уугуул. Б.Тэгшбаяр маань улс эх орныхоо нэрийг дэлхийн давцанд нэг биш удаа дуурсгаж байсан манай шилдэг тамирчин. Тиймээс бид энэхүү тамирчиндаа хүндэтгэл үзүүлж, улсын аваргын тэмцээнийг нутагтаа хүлээн авч, амжилттай эхлүүлээд байна. Газар газраас ирсэн тамирчид гурван өдрийн турш өрсөдөхөөс гадна аймаг орон нутагтай минь танилцах болно.” гэж аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох хэллээ.

Харин Монголын дугуйн холбооны ЕНБД З.Наран хэлэхдээ “Энэ удаагийн тэмцээнд онцлог зүйл их бий. Монголын дугуйн холбоо өнгөрсөн жилээс УАШ тэмцээнүүдийг хөдөө орон нутагт зохион  байгуулж, хүүхэд залуучуудад дугуйн спортыг сурталчилах зорилгыг тавьж байгаа. Сүхбаатар аймгийн тамирчид манай бүх тэмцээнүүдэд маш амжилттай оролцдог. Тиймээс бусад тамирчид маань эдгээр тамирчдаас туршлага судлах маш том боломж гарч ирж байгаа юм. Нөгөө талаар аймаг орон нутгийн зүгээс энэхүү тэмцээнийг маш сайн дэмжиж, хамтран ажиллаж байгаад баяртай байна.” гэв.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, аймгийн ЗДТГ ерөнхий ивээн тэтгэгчээр Хас банк, Моннис ХХК ажиллаж байна. Тэмцээний шагналтнууд энэ сарын 17-ны өдөр тодорно.
Т.Одончимэг
 
 
 
Холбоотой мэдээ