Үндэсний аврах бригад тугаа мандуулж, шинэ албан хаагчид тангараг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-20 14:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулах үндэс суурийг тавьж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан билээ. 
 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан юм. Онцгой байдлын албаны энэ өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид  нийт 10174 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 195,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн энэ өдрийн хүндтэй, түүхэн нэгэн ёслол нь Орбит дахь ОБЕГ-ын Аврах тусгай ангийн гаднах талбайд Үндэсний аврах бригадын тугийг анхлан мандуулж, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг өргөтгөн шинээр Үндэсний Аврах бригад болгон өөрчилснийг зарлалаа. Энэ бригадыг ОХУ-ын Онц байдал, Иргэний хамгаалалтын яамны бүтцэд ажилладаг төв аврах бригад, БНСУ-ын Үндэсний аврах бригад-119 зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын жишигт ойртуулан байгуулсан гэдгийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээлтийн үеэр онцлов.
Үндэсний аврах бригадын захирагчаар хурандаа Б.Намсрайг томилж, хуучин Аврах тусгай ангийн даргаас чөлөөллөө. Шинээр байгуулагдсан Үндэсний аврах бригад нь ОБЕГ-ын харьяанд байсан Үул уурхайн аврах ангииг Хангалт үйлчилгээний ангитай нэгтгэн өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад үүрэг гүйцэтгэх чадавхтай дэлхийн жишигт нийцсэн Үндэсний аврах бригад болгож эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг нэгдмэл удирдлага, бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөж байна гэж Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Б.Намсрай хэллээ. Үндэсний аврах бригадын  тугийг ОБЕГ-ын тугтай зэрэгцүүлэн мандуулав. Үүний дараа Онцгой байдлын албанд шинээр  томилогдсон  130 албан хаагч Цэргийн болон Тусгай алба хаагчийн тангараг өргөж, Төрийн далбаа, ОБЕГ, Үндэсний аврах бригадын туганд хүндэтгэл үзүүлэв. Энэхүү ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албаныхан, тангараг өргөсөн албан хаагчдын ар гэрийнхэн оролцлоо. Өнөөдөр  орон даяар орон нутагт ажиллаж байгаа онцгой байдлын газар, түүний албан хаагчид  онцгой байдлын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ