Монголчууд хар тамхи, мансууруулагч бодис дамжин өнгөрүүлэгч байсан бол хэрэглэгч болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхий дахин жил бүрийн 6 дугаар сарын 26-ний өдрийг “Мансууруулах эм, сэтгэц, идэвхт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрөөр Монгол Улсад мансууруулах бодис, эм, сэтгэцэд нөлөөлөх идэвхит бодисын хэрэглээ ямар байгааг мэргэжлийн байгууллагаас тодруулснаа хүргэе. 8 жилийн өмнө Монгол Улс мансууруулах бодисыг дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өнөөдөр хэрэглэгч болжээ. Үүний нэг шалтгаан нь Монгол Улсын 15 мянга орчим га талбайд 9 төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургадагтай холбоотой юм. Эдгээрийг залуус түүж хэрэглэх, дамлан борлуулах тохиолдол элбэг гардаг байна. Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж үүнийгээ дагаад хууль бус эрэлт, нийлүүлэлт өссөөр байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын төрөл зүйл олширч, гэмт хэргийн сүлжээнээс гэмт бүлэг, бүлэглэл үүсэх нөхцөл хэдийн бүрдсэн гэдгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс мэдээлсэн. Тэгвэл манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг 60 орчим мянган иргэн бий гэх төрийн бус байгууллагын албан бус судалгаа байна. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийн дунд өргөн уудам газар нутгаар хиллэн оршдог. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д опиум, амфетамины тархалт ихтэй, 6 сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй аж. Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомт хяналт шалгалт сул, рентген тоног төхөөрөмж нь хоцрогдсон байдлыг далимдуулж гэмт хэрэгтнүүд хар тамхийг ачаа, тээш бараа бүтээгдэхүүнд нуух хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ихээр ажиглагдах болсон. Үүнийгээ дагаад хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга нь улам боловсронгуй болжээ. Тухайлбал, даавуу цаасанд шингээх, цахилгаан бараа бусад эд хэрэгсэлд нууна. Хамгийн эмзэглэмээр зүйл нь гэмгүй нэгэнд "цагаан тахал"-ыг дайж байгаа нь нэн аюултай. Гадаадад гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл хүлээсэн олон иргэн байгаагийн 60 хувь нь хулгай, 36 хувь нь хар тамхины хэрэгт холбогдсон гэх судалгаа бий. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээний эдгэрэлтэд ойролцоогоор 5 жил шаардагддаг. Дэлхий дээр нэг минут тутамд хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас нэг хүн амь насаа алддаг гэсэн судалгаа хүртэл бий. Тэгвэл Монгол Улсад хэрэглэгчийн тоо өссөнийг дагаад эмчлэх шаардлагатай хүний тоо ч нэмэгджээ. Гэтэл манай улсад хар тамхи, мансууруулах бодист донтогчдыг эмчлэх туршлага, байхгүй. Эмнэлэг ч нэн хомс. Энэ бол өнөөдөр ярих зайлшгүй асуудлын нэг болоод байгааг эмч ,мэргэжилтэн, төрийн бус байгууллагын ажилтнууд анхаарулж байна.
Ж.Батсайхан