Афинд цагдаа нар, жагсагчид мөргөлдөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-07 10:26:32

АФИН. /Reuters/. Долоо жилийн өмнө өсвөр насны хүү цагдаа нарын гарт амиа алдсан өдрөөр Грекийн нийслэл Афин хотод хар хувцас өмссөн эсэргүүцэгчид, хэв журам сахиулагч цагдаа нартай мөргөлдөв.

Грекийн эдийн засгийн хямрал эхлэхээс нэг жилийн өмнө, 2008 онд 15 настай Александрос Григоропулосыг буудан хөнөөсний дараа Грект хэдэн арван жилд болоогүй өргөн эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Нийгмийн тогтолцоо, хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэж, хэдэн мянган хүн жил тутам болдог уг жагсаалд оролцдог.

Афинд болсон тайван жагсаал хүчирхийллээр дууссан байна. Эсэргүүцэгчид шатамхай бодис, тоосго, хагарсан гантиг шидсэний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий, чих дөжрөөх гранат хэрэглэжээ.

Афины гудамжинд бага хэмжээний гал гарч, хогийн савууд шатаж байв. Өсвөр насны хүүг буудан хороосон Экзархии дүүрэгт галаас үүдэн их утаа манарч, талбайд цугласан хүмүүс  вандан сандлуудыг суга татаж, явган хүний замыг сүйтгэсэн байна.

Афины цагдаагийн 6000 орчим офицерууд ажиллаж, нисдэг тэрэг өдөржин уг дүүрэгт эргэлджээ. 18 хүнийг баривчлан саатуулсан гэж Цагдаагийн газрын эх сурвалж мэдээлэв.

Х.Аминаа
 

 

Холбоотой мэдээ