“Лалын улс”-ын дагагчид байсан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-07 11:30:49

МОСКВА. /Sputnik/. АНУ-ын Калифорни муж улсад халдлага үйлдэж 14 хүний аминд хүрсэн эхнэр, нөхөр “Лалын улс”-ын дагагчид байсан гэж тус бүлэглэл мэдэгдэв.

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос зүүн тийш 96 км зайтай оршдог Сан-Бернардино хотын “Инлянд бүсийн төв”-д АНУ-д төрсөн Саид Ризван Фарук, түүний эхнэр Пакистаны иргэн Ташфин Малик нар галт зэвсэгтэй халдлага үйлдсэнээс хойш 3 өдрийн дараа цахим дуут илгээлтээр дамжуулан, “Лалын улс” уг мэдэгдлийг хийсэн байна.

Арван дөрвөн хүний аминд хүрч, 21 хүнийг шархдуулсан уг халдлагыг “Лалын улс” сайшаасан байна. Халдлага болсноос хоёр цагийн дараа болсон буудалцааны үеэр цагдаа нар эхнэр, нөхрийг устгасан юм.

Гэмт этгээдүүд эрс үзлийн нөлөөнд автсан гэх шинж тэмдгийг АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо илрүүлсэн ч, террорист бүлэглэлийн гишүүд байсан гэх нотолгоо олдоогүй байна.

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл 2014 оноос хойш Ирак, Сири дэх “Лалын улс”-ын байрлалд цохилт өгч байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ