Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айлыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-20 12:16:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.
 
Хуралдаанаар нийслэл хотод үерийн улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж, эрүүл ахуйн ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо. Мөн авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан,  айл өрхийн судалгааг гаргаж нүүлгэх ажлыг зохион байгуулах, үерийн улмаас хуримтлагдсан  лаг шавар, хогийг бүрэн цэвэрлэж орчны бохирдлыг арилгах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өргөн хүргэх зэрэг үүргийг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Түүнчлэн дүүргийн Засаг дарга нарт энэ сарын 19-нд Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссын хуралдаанд өгсөн үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.
Холбоотой мэдээ