Хятадын эдийн засгийн өсөлт бага зэрэг саарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-07-27 08:31:39
ВАШИНГТОН. /РИА Новости/. Хятад улсын эдийн засагтаа цутгасан зээл нь дарамт үүсгэх хэмжээнд хүртэл хэт өсөх аюул байгааг Олон улсын валютын сангаас БНХАУ-д анхаарууллаа гэж Хятадын эрх баригчидтай явуулсан ээлжит зөвлөлдөөний дүнгээр тус сангаас хэвлэлд зориулан гаргасан тайлан илтгэлд тэмдэглэжээ.
 
Хятадын эдийн өсөлт 2017 онд 6,9% байсан бол 2018 онд бага зэрэг саарч 6,6%-д хүрэх ба инфляцийн түвшин одоогийн 2%-иас аажмаар 2,5% хүртэл өснө хэмээн Олон улсын валютын сан таамаглаж байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн олон салбарт хийж буй шинэтгэл нь үр дүнгээ өгч байгааг тэмдэглэжээ.
 
“Зээл олголтын цар хүрээг хумих бодлогоо үргэлжүүлэх нь чухал болохыг ОУВС-ийн ТУЗ онцлон тэмдэглэсэн. ОУВС-ийн дүгнэлтээр зээл олголтын хэмжээ ихээхэн буурсан хэдий ч өндөр хэвээр байна” гэж дээрх тайлан илтгэлд дурдсан байна.
 
Түүнчлэн зах зээлийн механизмуудыг хөгжүүлж, олон салбарт төрийн өмчийн компаниуд ноёрхож буйг багасгаж, төрийн компаниудын шинэтгэлийг үргэлжлүүлэхийг ОУВС дахин уриалсан аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ