Улс орноо тохинуулах асуудлаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-28 20:14:33
ДАМАСК. /ТАСС/. Мөргөлдөөнийг зогсоож, дайны дараах улс орноо тохинуулах асуудлаар Сирийн засгийн газартай чухал тохиролцоонд хүрсэн тухай “Ардчилсан Сирийн хүчин” /АСХ/ эвслийн улс төрийн удирдлага зарласан байна. Дамаск хотноо хийсэн яриа хэлэлцээний үеэр талууд төвлөрсөн бус засаглалтай ардчилсан Сири улсыг цогцлоох замын зураг боловсруулахаар тохиролцсон тухай “АСХ” эвслээс гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
“АСХ” эвсэлд олонхийг бүрдүүлдэг курдууд болон Сирийн эрх баригчид умард бүс нутгуудад аж ахуйн амьдралыг сэргээж, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс янз бүрийн чиглэлд ажиллах хамтарсан хороодыг байгуулах бодолтой байгаа аж. Дамаскт яриа хэлэлцээнд оролцсон АСХ эвслийн төлөөлөгчдийг Сирийн зүүн хойд хэсэгт өөрийгөө зарлан тунхагласан курдын засаг захиргааны удирдагчдын нэг болох Ильхам Ахмед тэргүүлсэн байна.
 
Курдууд Сирийн Камышлы, Кобани и Африн зэрэг гурван бүс нутагт өөртөө засах засаг захиргааг 2013 оны 11 дүгээр сард байгуулсан ба хожим нь 2015 онд “АСХ” эвсэл байгуулагдсанаас хойш Хасеке болон Ракка мужууд, Дэйр-эз-Зор мужид Евфрат мөрний зүүн эргийг террорист “Лалын Улс” бүлэглэлээс булаан эзэлсэн юм байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ