Үерийн болзошгүй аюулаас сэрэмжлэн 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-30 16:49:59
ШИНЭ ДЕЛИ. /Синьхуа/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хот дундуур урсдаг “Ямуна” гол үерлэж, усны түвшин нь аюулгүй хэмжээнээс даваад байгаа тул сүүлийн хоёр хоногийн турш үерийн аюулын дохио дуугарч байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Ямуна” голын усны түвшин аюулгүй хэмжээнээс даваад байгаа ба Дели хот болон түүний ойролцоох нутгуудаар сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Тус улсад долоо болон наймдугаар сард борооны улирал үргэлжилдэг билээ.

Уг голын усны түвшин өсч, галт тэрэгний төмөр гүүрэнд бараг л хүрээд байгаа бөгөөд үүний улмаас нийт 27 галт тэрэг хөдөлгөөн цуцлагдаж, хэд хэдэн галт тэрэг чиглэлээ өөрчлөн явж байгаа тухай Энэтхэг улсын төмөр замын газрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Түүнчлэн нам дор газар амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 гаруй хүнийг түр байр руу шилжүүлээд байгаа юм байна. 

Дели хотод болсон хамгийн аймшигт үер 1978 онд тохиож байжээ. 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ