“Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн тэтгэлгийг 292 оюутан гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-08-11 15:28:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан” нь  10 дахь жилдээ оюутан, сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэгвэл өнөөдөр  хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны  192 оюутанд нэг сая төгрөг, шинээр оюутан болж буй  80 хүүхдэд 800 мянган төгрөг, шилдэг 20 оюутанд 3 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 300 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

“Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан” нь 80 хувиас дээш үнэлгээтэй суралцдаг эдийн засгийн боломжгүй оюутнуудад сургалтын төлбөрийнх нь тодорхой хувийг өгөх зорилготой аж.

“Энэ жил хоёр оюутныг бакалаврын зэргээр Тайванд суралцуулахаар боллоо. Оюутнуудад өгч буй тэтгэлэг нь Тайваны сайхан сэтгэлтэй ард түмний хандив тусламжаас бүрдсэн. Тиймээс оюутнууд тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр  сайн сураасай гэж хүсэх байна” хэмээн  Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал  Чоу Мей Миао онцоллоо.

Нэг сая төгрөгийн тэтгэлэг гардсан МУИС-ийн оюутан Х.Хонгорзул: “МУИС-ийн Мэдээллийн технологийн чиглэлээр хоёрдугаар курсэд дэвшин суралцана Өнөөдөр  сая төгрөгийн тэтгэлэг гардан авсандаа маш их баяртай байна. Тус тэтгэлэгт хамрагдсанаар санаа зовох зүйлгүйгээр, хичээлдээ бүрэн төвлөрөх боломжийг “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан” надад олголоо. Тэтгэлгийн үндсэн шалгуур нийгмийн идэвх, голч дүн байсан.  Миний голч дүн 3,8. Харин сайн дурын ажлын тухайд тус санд бүртгэлтэй  айлд очиж хашааг нь будах, хүүхдүүдийг нь асрах ажлыг хийсэн” гэв. 
         
У.Түвшинбаяр
Холбоотой мэдээ