Оны эхний долоон сард 108 гэмт хэрэг үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-13 22:15:43
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт оны эхний долоодугаар сарын байдлаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд 178,6 сая төгрөгийн хохирол учирсан 108 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр хэргээр буюу 1,9 хувиар өссөн бол учирсан хохирол 257,5 сая төгрөгөөр буюу 59 хувиар буурсан байна. 
“Нийт хэргийн 29,6 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 25 хувийг хулгайлах, үүнээс 85,2 хувийг иргэдийн өмчийн хулгай, 13,9 хувийг залилах, 7,4 хувийг хөрөнгө завших, 5,6 хувийг мал хулгайлах гэмт хэргүүд эзэлж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 буюу 41 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 23 хэргээр буюу 60,5 хувиар буурлаа” хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, эрхзүйн зөрчлийн шинжтэй 631 гомдол, өргөдөл мэдээллийг тус аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 226 өргөдөл гомдлын 212 буюу 93,8 хувийг тав хоногт шийдвэрлэжээ. Мөн нийгмийн хэв журам зөрчсөн 3528 хэргийг илрүүлэн шалгаж, 150 хүнийг эрүүлжүүлж, 3331 иргэнд 132,8 сая торгуулийн шийтгэл оногдуулсан байна.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ