“Air France”, “British Airways” Тегеран руу нислэг хийхгүй гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-24 09:49:02
twitter.com/Nyamkanmk
ПАРИС. /france24/. “Air France”, “British Airways” компани ирэх сараас Ираны нийслэл Тегеран хот руу нислэг хийхгүй гэж мэдэгджээ. Учир нь АНУ Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авсны улмаас ашиг буурсан байна.

“Air France” агаарын тээврийн компани нь өөрийн охин компани болох “Joon airline”-аар дамжуулан хямд өртөгтэй нислэгийг Ираны нийслэл Тегеран хот руу үйлддэг байжээ. Гэвч тус компани Иран руу нислэг хийх нь арилжааны ашиг муутай байгаа учраас ирэх сарын 18-наас эхлэн  нислэг үйлдэхгүй гэдгээ мэдэгджээ.

Харин “British Airways” компани өчигдөр мэдэгдэл хийхдээ, Лондон-Тегеран чиглэлийн нислэг сүүлийн үед үр өгөөжгүй болсон учир энэ чиглэлд нислэг хийхээ зогсоолоо гэсэн байна.

Лондон хотоос Тегеран руу хийх хамгийн сүүлийн нислэг 9 дүгээр сарын 22-нд болох бол Тегеранаас Лондон руу хийх нислэг 9 дүгээр сарын 23-нд болно гэж мэдэгдэлд дурдлаа.

Үүний зэрэгцээ тус компани, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авсан асуудалтай бидний гаргасан шийдвэр ямар ч холбоогүй болно гэж мэдэгджээ. Д.Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас гадаадын олон компани тус улсаас гарч байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ