2012 онд өөр халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-12-09 13:58:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Калифорни муж улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвд эхнэрийнхээ хамт гал нээж, 14 хүний аминд хүрч, 20 гаруй хүнийг шархдуулсан тус улсын иргэн болох Саид Фарук 2012 онд өөр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан тухай Америкийн телевизийн “Си-Эн-Эн” компани мэдээлжээ.

“Си-Эн-Эн”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, Фарук тухайн үед галт зэвсэг эзэмшдэг байсан бөгөөд түүнд бас хамсаатан байжээ. Гэхдээ хамсаатных нь хэн болохыг мэдээлээгүй байна. Тэд Калифорнид халдлага үйлдэх газраа сонгож байсан боловч тухайн халдлага үйлдэж зүрхлээгүй аж. Тэд яг хаана халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг дурдаагүй байна.

“Тэд айсан” гэж эх сурвалжуудын нэг нь хэлсэн байна. “Си-Эн-Эн” компанийн мэдээлснээр, Фарук болон түүний хамсаатан “тухайн дүүрэгт терроризмтой холбоотой хэргээр баривчилгаа явуулсны” дараа анхны төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Гэмт этгээдүүдийн төлөвлөгөө хэр ноцтой байсныг албаны хүмүүс одоогоор мэдээлэхгүй байгааг “Си-Эн-Эн” онцлон тэмдэглэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвд халдахаасаа бүр өмнө Фарук хэт давруу үзэлд автсан байсныг шинэ мэдээлэл нотолж байна гэж “Си-Эн-Эн” цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ