Нөмрөгийн дархан цаазат газрыг улсын тусгай хамгаалалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-11 15:31:24
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл болон Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уулыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов.
БОАЖЯ-нд дээрх хүсэлтийг тус аймгийн холбогдох байгууллагууд хүргүүлснээр ийнхүү нааштай шийджээ. 
Үүний үр дүнд дээрх онгон дагшин газруудын эко байдал алдагдаж сүйдэх аюулаас хамгаалж, унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдлээ гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Ийнхүү Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Улзын голын эх газруудыг тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх үзүүлэлт 2.1 хувиар нэмэгдэж байгаа аж.   
Дашрамд дуулгахад энэ удаад 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр Монгол Улсын газар нутгийн 27 сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17.8 хувь нь тусгай хамгаалалтад багтаж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ