ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ: “Ойлгоё - Хайрлая” хөвгүүдэд зориулсан нөлөөллийн ажил зохион байгуулав
Өмнөговь/МОНЦАМЭ/  Даланзадгад сумын хэмжээнд хэрэгжиж байгаа “Дэвшилтэт хотын оюунлаг залуучууд”, “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур”, “Чадварлаг багш хөгжсөн хүүхэд” зэрэг дөрвөн дэд хөтөлбөрийн  хэрэгжилтийн дагуу  10-р ангийн эрэгтэй сурагчид, асран хамгаалагч аавуудад зориулсан “Ойлгоё-Хайрлая” үйл ажиллагааг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.  Тус арга хэмжээний хүрээнд нөлөөллийн сургалт, илтгэл,  эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг зэрэг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, генетик оношилгоо, сэтгэлзүйн зөвлөгөө,  Замын цагдаагийн газрын сэрэмжлүүлэг мэдээлэл, нээлттэй ажлын байрны бүртгэл зэрэг олон талт ажлуудыг зохион явуулсан юм.  Тус арга хэмжээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6-н сургуулийн 10 дугаар ангийн 220 эрэгтэй сурагчид аавтайгаа оролцож байгаагаараа онцлогтой. Оролцож байгаа сурагчид, аавуудад лектор Т.Буяндэлгэр “Гэр бүлийн үнэ цэнэ”  сэдвээр лекц уншсан бол лектор Д.Хүрэлбаатар "Хайрын таван хэл", "та бусдад юу түгээдэг вэ?"сэдвээр хувь хүний хөгжлийн лекцийг уншлаа. Хөвгүүд аавдаа сэтгэлийн захидал бичиж харин аав нь хөвгүүддээ мөн захидал бичиж арга хэмжээн дээр солилцжээ. Тухайн  арга хэмжээнд хамрагдсан зарим аавуудыг  ажлын байранд зуучилж,  хүүхдүүдэд “Мэргэжлийн хэв шинж тодорхойлох генетик оношилгоо”-г үнэ төлбөргүй оношлуулах  эрхийн бичгийг өгчээ.  Мөн “Ойлгоё-Хайрлая” арга хэмжээнд оролцсон хүүхдүүдийн дунд 12 азтан шалгаруулж боловсрол, эрүүл мэндийг нь дэмжин  шүдний эмчилгээ,  фитнес клубт хичээллэх эрх, үсчин гоо сайхнаар үйлчлүүлэх, Англи хэлний сургалтанд хамрагдах зэрэг эрхүүдээр урамшуулан шагнасан юм.  
181 days
ӨМНӨГОВЬ: “Тэмээн сүргийн говь” цахим дууны уралдааны шагналтнууд тодорлоо
Өмнөговь/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 136 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн сүлд дуу болох О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг хэн сайн дуулах вэ? цахим уралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 4-14-ний өдрийн хооронд олон нийтэд зарлан явуулж, нийт 29 иргэн оролцлоо.Уг дууг Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм. Оролцогчид “Тэмээн сүргийн говь” дууг дуулан бичлэгээ зохион байгуулагчид ирүүлсэн бөгөөд Хөгжимт жүжгийн театрын мэргэжлийн уран бүтээлчид шүүн тунгааж шагналт байруудыг тодрууллаа.  Сүлд дууг хэн сайн дуулах вэ? уралдааны тэргүүн байрыг Даланзадгад сумын иргэн Б.Ганзориг, дэд байрыг  Б.Ган-Эрдэнэ, гутгаар байрыг С.Цэгцбилгүүн, тусгай байруудыг Ц.Баасанжав, Булган сумын иргэн Ц.Отгон-Өлзий нар тус тус эзэллээ.Тус цахим уралдааны эхний 5 байрт шалгарсан иргэдэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баяр, аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдааны үеэр батламж, мөнгөн шагналыг гардуулан өгөх аж. 
185 days
ӨМНӨГОВЬ: Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
Өмнөговь/МОНЦАМЭ/         Өмнөговь аймгийн хэмжээнд төрийн захиргааны  албанд нийт 261 албан хаагч ажилладаг.  Харин өнөөдөр шинээр 18 албан хаагч  нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд  “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг”-аа   өргөлөө.     Албан хаагчид төрийн албанд орж ажиллах туршилтын хугацаандаа чиг үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах  ур чадвараа харуулж ийнхүү тэнцсэнээр төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм.   Тангараг өргөж байгаа төрийн албан хаагч нарт хандан Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Амартөгс  Та бүхнийг Төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахиж, төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад түргэн шуурхай, чин шударга, өндөр хариуцлагатай хүргэж ажиллаж, шилдэг тэргүүний төрийн албан хаагч байна гэдэгт итгэлтэй байна. Төрийн үйл хэргийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй чин үнэнчээр хүргэх эрхэм чухал ажилд нь амжилт хүсье гэлээ. 
186 days
ӨМНӨГОВЬ: Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/  Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, сонирхогчдыг нэмэгдүүлэх, урамшуулах зорилготой Засаг даргын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдааныг сар бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр Засаг даргын нэрэмжит анхдугаар барилдааныг зохион байгуулж, 32 бөх зодоглож уран мэхийг уралдуулан, бөх сонирхогч дэмжигчдээ уухайлуулан барилдлаа. Тус барилдаанд сумын заан А.Ихтэнгэр түрүүлсэн бол сумын заан Г.Ганбат үзүүрлэж сумын заан Б.Адьясүрэн, сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шөвгөрлөө. “Хан дэвжээ”-ний 11-р сарын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааны 7-8 насны ангилалд тэргүүн байрыг 2-р сургуулийн сурагч Б.Мөнхсонор, дэд байрыг "Хан дэвжээ" клубын бөх  Ц.Энххүсэл,  гутгаар байрыг 1-р сургуулийн сурагч Д.Бат-Эрдэнэ,  тусгай байрыг Гурвантэс сумын  сурагч  М.Азжаргал, уран барилдаанч бөхөөр "Хан дэвжээ"-ний бөх Э.Цэнгэл, уран гараа дэвээтэй бөхөөр "Хан дэвжээ"-ний бөх Э.Бат-Эрдэнэ нар тодорлоо. Харин 9-10 насны ангилалын тэргүүн байрыг Цогтцэций сумын сурагч Б.Оч-Ертөнц, дэд байрыг "Хан дэвжээ"-ний бөх И.Баяржавхлан,  гутгаар байрыг "Хан дэвжээ"-ний бөх Э.Даваажаргал, тусгай байрыг Цогтцэций сумын сурагч Г.Ганбаяр, уран барилдаанч бөхөөр "Хан дэвжээ"-ний бөх Б.Хүслэнбаяр, уран гараа дэвээтэй бөхөөр Б.Нандинхүү эзэлсэн бол 11-12 насны ангилалын тэргүүн байрыг "Хан дэвжээ"-ний бөх С.Батшагай,  дэд  байрыг М.Тэмүүжин, гутгаар байрыг М.Шагайхүү, тусгай байрыг М.Баярсайхан, уран барилдаанч бөхөөр Б.Дэлгэрбаяр, уран гараа дэвээтэй бөхөөр Б.Тэнүүн, 13-14 насны ангилалд тэргүүн байрыг 7-р сургуулийн  сурагч С.Түвшинтөгс,  дэд байрыг 7-р сургуулийн сурагч Б.Сэргэлэн гутгаар байрыг Цогтцэций сумын сурагч  Т.Цогтбаяр, тусгай байрыг 7-р сургуулийн сурагч Н.Мягмарбаатар, уран барилдаанч бөхөөр "Гурвантэс" сумын сурагч С.Амардай,  уран гараа дэвээтэй бөхөөр "Хан дэвжээ"-ний бөх Ө.Пүрэвбат нар уран мэхээ уралдуулан амжилттай барилдаж тус тус шагналт байруудад шалгарлаа. 
190 days
ӨМНӨГОВЬ: Уран үгсийн чуулган 44 жилийн дараа боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал ахайтны тулгын чулууг нь тавьсан МЗЭ-ийн Өмнөговь салбараас санаачлан Соёл урлагийн газартай хамтран аймгийн Засаг даргын ивээл дор “Уран үгсийн чуулган-2022” зохиолч, яруу найрагчдын өдөрлөгийг Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ойн  өдрийг тохиолдуулан  зохион явууллаа.Уран үгсийн чуулган тэртээ 1968 онд анх С.Удвал ахайтан санаачлан зохион байгуулж байснаас хойш 1978 онд хоёр дахь удаагаа зохиогдож байжээ. Ийнхүү 40 гаруй жил тасраад байсан утга уянга, уран үгсийн эзэд хуран чуулдаг “Уран үгсийн чуулган-2022” арга хэмжээ  3 дахь удаагаа Даланзадгад хотноо болж байна."Уран үгсийн чуулган-2022" зохиолч, яруу найрагчдийн өдөрлөгт Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбат, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Э.Хархүү, Гурвантэс сумын харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Энхболд, Баяндалай сумын харьяат Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Байгалсайхан, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, нэрт шог зохиолч З.Ядмаа,  Ханбогд сумын харьяат Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва,  МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын шагналт”, “Хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд, Баян-Овоо сумын харьяат яруу найрагч, цаасан бар урлаач Ц.Галбадрах нарын нэрт яруу найрагч, зохиолчид уригдан ирж оролцлоо. Уншигч зохиолчдын уулзалтыг Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиуд, төв номын сан зэрэг газруудад зохион явуулсан юм. Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашням, МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын шагналт”, “Хутагтын хишигт яруу найрагч Б.Бүргэд нар  Өмнөговь аймгийн төв номын сангийн мэргэжилтнүүд, уншигч хүүхдүүд, иргэдтэй уулзалт хийлээ. Зохиолчид уран бүтээлийнхээ талаар халуун дотно яриа өрнүүлж шүлэг бүтээлээ уншиж номын дээжээсээ өргөн барьлаа. Өмнөговь аймгийн Засаг дарга зохиолчдыг хүлээн авч уулзаж ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд эрхэм зохиолч, яруу найрагч, үгийн шидтэн та бүхний оролцоо чухал үүрэгтэй юм. Өнөөдөр говь нутаг минь эдийн засгийн хүсэл сонирхолтой зочид төлөөлөгчид их ирдэг болохоос та бүхэн шиг оюуны их хөрөнгө оруулалт хийхээр ирж байгаа хүндтэй эрхэм зочид их ховор. Үг гэдэг их хүчтэй ирэх жилүүдэд говь нутагт минь олон сайхан амжилтууд ирж Болор цомын эзэн энэ нутгаас минь төрөн гарна гэдэгт итгэлтэй байна  хэмээн хэлээд  зохиолчдод хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардууллаа. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт зохиолч, яруу найрагчид зочлон очиж  шүлэг, утга зохиолыг шимтэн сонирхож ирсэн олон түмэнд шүлэг найргаа уншиж найргийн уянга эгшигтэй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Чуулганы арга хэмжээг хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд “Манай говиор зочлон очоорой”дууг морин хуурын эгшгээр уянгалуулан эхлүүлж  хурсан олныг баясгасан юм.Уран үгсийн чуулга-2022 үдэшлэгт монголын энэ цагийн нэрт зохиолч, яруу найрагчдаас гадна Өмнөговь аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Эгшиглэнт говь-2022” наадмын эхний шагналт 5 байр эзэлсэн яруу найрагчид болох  МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл тэргүүтэй шилдэг найрагчид шүлэг бүтээлээ уншлаа.Чуулганы үеэр "Манай говиор зочлон очоорой", "Ихэр гурван сайхан" зэрэг говь нутгийн ард түмний сэтгэлд хоногшсон дууны шүлгүүдийг тэрлэсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, нэрт шог зохиолч  З.Ядмааг Өмнөговь аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшуулсан бөгөөд Өмнийн цэнхэр говь нутгийг зорин ирж, нутгийн зон олныг уран яруу, утга төгөлдөр бүтээлээрээ дайлсан зохиолч, яруу найрагчид тус бүрд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 1 сая төгрөгийн батламж гардуулж,  талархал илэрхийллээ.   
191 days