ӨМНӨГОВЬ
ӨМНӨГОВЬ: Тэмээчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
Өмнөговь/МОНЦАМЭ/  Өмнөговь аймагт 2022 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Тэмээчдийн улсын зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан зохион байгуулна. Өнөөдөр Тэмээчдийн улсын зөвлөгөөн “Говийн байгаль” түүхийн музейд эхэллээ. Улсын зөвлөгөөнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн тэмээчид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 112 хүн оролцож, тэмээн сүргийг өсгөх, ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх сэдвээр туршлага солилцон, зөвлөлдөж байгаа юм. Өмнөговь аймаг 2021 оны жилийн эцсийн байдлаар 160,6 мянган толгой тэмээ тоолуулсан нь улсын нийт тэмээн сүргийн 35,5%-ийг эзэлжээ.  Тухайн зөвлөгөөний үеэр тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.  Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгох, тэмээний төрөлжсөн эмнэлэг, тэмээ судлалын төв байгуулах, тэмээний баяр болон бусад эвент арга хэмжээг аялал жуулчлалтай холбох, тэмээгээ өсгөх, тэмээн соёлоо түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга онцоллоо.  Мал аж ахуйн салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа, Монгол тэмээ судлагаа шинжилгээний ажил, цаашдын зорилт, "Буурын бохины судалгааны ажлын үр дүн,Ингэний сүүн ашиг шим зэрэг сэдвүүдээр Монгол улсын зөвлөх, мал зүйч, судлаач, докторууд, мөн харьяа яамны холбогдох газрын мэргэжилтэн шинжээч нар илтгэл тавьлаа. Тус зөвлөгөөнөөс мөн хурдан тэмээ уяачдад цол олгох журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг санал асуулга явагдах бөгөөд зөвлөгөөнөөс зөвлөмж гарч танилцуулагдах юм.  
106 days
ӨМНӨГОВЬ: Хөнгөн атлетикийн баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэлжээ
Өмнөговь/МОНЦАМЭ/        Монголын бүх ард түмний улсын анхдугаар спартакиадыг  анх 1946 онд Ардын  хувьсгалын 25 жилийн ойгоор хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулж байжээ.Энэ жилийн монголын бүх ард түмний спортын XV их наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.  Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Тус наадамд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож 1 хүрэл медаль,  “Улсын аварга” шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 5 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль  хүртэж багийн дүнгээр шагналт IV байрыг  эзэлсэн байна. Амжилт гаргасан биеийн тамирын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Г.Сайнхүү болон тамирчин сурагчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч уулзлаа. “Монголын бүх ард түмний XV их наадам”-д  оролцож амжилт гаргасан тамирчдыг урамшуулан сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс хөнгөн атлетикийн тамирчин сурагчдад нэн шаардлагатай  байсан “Adidas” фирмийн “Шифи”-г гардуулан өгч амжилт хүслээ. Тухайн наадмыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгожээ. 
107 days
ӨМНӨГОВЬ: ГБХЗХГ-ын хамт олон мюзикл жүжигт тогложээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ мюзикл жүжигт тогложээ. Тус хамт олон гэр бүл, хүүхдийн аливаа төрлийн хүчирхийлэл,  эрхийн зөрчил, бага насны хүүхдийн цахим хэрэглээ, өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт мэдээллийг сонирхолтой хэвшмэл бус хэлбэрээр олон нийтэд хүргэхийг зорьсон байна. “Хөшгөө нээ” нэртэйгээр тоглогдож байгаа  мюзикл нь мэргэжлийн хүмүүсийн нүдээр, орчин цагийн гэр бүлийн асуудал хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөж чадсан юм. Тодруулбал жүжигт тухайн байгууллагын дарга, үйлчлэгч, нярав, жолооч нар бүгд оролцож өөр өөрсдийн дүрээр нийгмийн анхаарал татсан хөндүүр сэдвийг хөндөн хамгийн ойлгомжтойгоор гарган харуулахыг эрмэлзжээ. Хамт олноороо зохиол болон дууныхаа үгийг зохиож аймгийн ХЖТ-ийн найруулагч Гаябазарын  Амартүвшин найруулга хийж 2022 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд Ёл кино театрт  тоглолтоо  өргөн барьж байна. Энэхүү мюзикл жүжигт алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглосон, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсан төдийгүй, эцэг эх, асран хамгаалагч, өсвөр үеийнхэнд гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх   өргөн мэдлэг мэдээлэл өгсөн ач холбогдол өндөр анхдагч түүхэн үйл явдал боллоо.
108 days
ӨМНӨГОВЬ: Ирэх онд 8 цэгт шинээр 4G сүлжээг оруулна
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Нутгийн хишиг 2024" мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Өмнөговь аймгийн хэмжээнд алслагдсан бүс нутгуудад 26 цэгт үүрэн сүлжээний 4G үйлчилгээг оруулахаар 4,6 тэрбум төгрөгийн төсвийг батлан төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлжээ. Одоогоор 20 цэгт 4G сүлжээг бүрэн суурилуулж дууссан байна.  Орон нутгийн Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Говийн анир” ХХК  нээлттэй тендэр шалгаруулалтанд тэнцэж 12 цэгт 4G үүрэн сүлжээний дэд бүтэц, нарны зайн системийн угсралтыг хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.Алслагдсан хөдөөгийн нутаг дэвсгэр, багийн төвийг холбоожуулах, мэдээлэлжүүлэх зорилтыг батлан хэрэгжүүлж  малчид хөдөө хонины бэлчээр дээрээсээ интернет сүлжээнд холбогдож дэлхий дахины мэдээллийг цаг хугацаа хоцрохгүйгээр авах, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд алсын зайнаас боловсролыг эзэмших, малчид жи пи эс-д холбогдож мал сүргээ хянах, цаг агаарын мэдээг тухай бүрт нь авах зэрэг олон талт ач холбогдолтой юм.Ирэх 2023 онд 8 цэгт шинээр 4G сүлжээг тавьбал Өмнөговь аймаг бүрэн сүлжээнд холбогдож дуусна. Ингэснээр Монгол улсын хэмжээнд анхны 4G сүлжээнд бүрэн хамрагдсан аймаг болж байгаа юм. 
110 days