Тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-29 21:18:58

Сүхбаатарчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн зүгээс Баруун-Урт сумын дөрвөн ЕБС, МСҮТ-ийн багш сурагчид, хийдийн лам хуваргууд сүсэгтэн  олныг хамарсан цуглааныг их жанжиныхаа талбайд зохион байгууллаа. Энэ үеэр хүүхэд залуучууд, хойч үеийнхэндээ 12 сарын 29 буюу үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн энэ түүхэн өдрийн тухай сургааль айлдаж хүн бүрийн бахархалыг сэргээхийг эрмэлзэж байлаа. Цуглааны үеэр Богд хаант Монгол Улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус” дууг эгшүүлсэн нь хурсан олны сонирхлыг ихээр татаж байсан юм.
Мөн Монгол төр түвшин, түмэн олон амар амгалан, эрх чөлөө тусгаар тогтнол маань халдашгүй дархан байхын тухайд хийдийн лам хуваргууд Энхтайвны мандал өргөх ёслол үйлдлээ.
Эрдэнэмандал хийдийн зүгээс энэхүү баярыг 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Т. Одончимэг

 

Related news