Хэнтийн хүүхдүүд тохилог орчинд ном унших боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 21:45:12

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит номын сангийн хүүхдийн уншлагын танхимд БНСУ-ын Койка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар сэргээн засварлах ажлыг хийлээ.

Энэхүү төслийн үр дүнд хүүхдийн уншлагын танхимыг хоёр давхар болгож, 4-7 насны хүүхдүүдэд зориулж ном унших идэвх сонирхлыг төрүүлэх үүднээс тоглонгоо унших орчинг бүрдүүлж, улмаар аудио видео хэлбэрээр зөөлөн сандал, буйдан дээр тухлан унших боломжийг бүрдүүллээ. Мөн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан мэргэжлээ хэрхэн сонгох, мэргэжлийн холбогдолтой мэдээллийг олж авахад нь туслах зорилготой аж.

Уг засварын ажилд 9,5 сая төгрөгийг зарцуулж, 6 сая төгрөгийн 259 нэр төрлийн ном хэвлэл, 18 нэр төрлийн ширээ сандал, тоглоом зэргийг хандивлажээ. Хүүхдийн уншлагын танхимыг МУСТА Буяндэлгэрийн Хандын нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүдээс 16 нэр төрлийн 48 ширхэг 1,2 сая төгрөгийн шинэ номыг танхимын нээлтээр хандивлав.

О.Буянхишиг

Related news