652 малчны зээлийг 1,5 хувь руу шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 09:05:05

Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч Малчин зээлийн хүүг бууруулах тухай шийдвэр гарсан. Жилийн 30 хувийн хүүтэй малчны зээл жилийн 18 буюу сарын 1,5 хувь болж буурсан. Сүхбаатар аймгийн Төрийн банкнаас 652 малчны 1,8 тэрбум төгрөгийн малчин зээлийг 1,5 хувь руу шилжүүлжээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 6800 орчим малчин өрх бий. Өнөө үед малчин зээл аваагүй малчин гэж тун ховор. Малчид банкнаас зээл авч өвлийн улирал болоод хавар ноолуур гарах үе гэх мэтчилэн боломжтой үедээ зээлээ төлдөг. Энгийн үед зөвхөн хүүгээ төлөөд явах боломжийг олгодог. Сүхбаатар аймгийн Төрийн банкинд гэхэд 652 малчин 2,5 хувийн хүүтэй 1,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Дээрх зээлийг 2016 оны 2-р сарын 5-ны  өдөр 1,5 хувь руу шилжүүлсэн. Харин 2-р сарын 5-наас хойш сарын 1,5 хувийн хүүтэй зээлийн 207 сая төгрөгийг 72 малчинд олгосон байна.

Т.Одончимэг

 

 

Related news